-Өмнөговь аймгийн хэдэн суманд судалгаа, шинжилгээ хийсэн бэ?
– Өмнөговь аймгийн таван суманд ажилласан ажлын хэсэг 57 хүүхэд, 363 хүнийг үзлэгт хамруулсан. Цогт-Овоо сумын 0-5 насны 12 хүүхэд, 78 хүн, Даланзадгад сумын 27 хүүхэд, 17 иргэн, Хүрмэн сумын зургаан хүүхэд, 36 хүнийг үзлэгт оруулсан. Мөн Ханбогд сумын 0-5 насны долоон хүүхэд, 69 хүн, Манлай сумын долоон хүүхэд , 62 хүнийг тус тус хамруулсан. Нийт 420 хүнээс 1410 дээж цуглуулсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд арьс, хордлого, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, судалгааны лаборторийн эмч нар ажилласан. Бид мөнгөн усны тархалтын хэмжээг биш 2004-2011 онд төрсөн гаж төрөлттэй хүүхдэд мөнгө ус нөлөөлж үү гэдгийг судлах зорилготой ажилласан.
-Нөхцөл байдал ямар байна вэ. Төрөлхийн гаж хөгжилтэй хэдэн хүүхэд байна?
-Өмнөговь аймагт 2004-2011 онд төрөлхийн гаж хөгжилтэй 41 хүүхэд төрснөөс 16 нь амьд байгаа. Бид хүүхдүүд, тэдний эцэг эх болон нас барсан хүүхдүүдийн эцэг эхээс шинжилгээ авсан.
-Хүүхдүүд ямар төрлийн гажиг хөгжилтэй байна вэ?
-Олон төрлийн гажигтай байна. Жишээлбэл зүрх, амьсгалын эрхтэн, уруул тагнайн гажиг, бөөрний гажиг, баруун чихний дэлбээ хөгжөөгүй гэх мэт гажиг хөгжилтэй хүүхэд байсан.
-Газар нутгийнх нь хөрсийг бас шинжилж үзэв үү?
-Сумдын мэргэжлийн хяналтын байцаагч нарын тусламжтайгаар агаарын гурван, хөрсний 12, усны 10 нийт 25 дээжийг авсан. Авсан дээжийг мөн судлана.
-Шинжилгээний хариу хэзээ гарах уу?
-Бид иргэдээс авсан шинжилгээг Хор судлалын лабораторид боловсруулж эхэлсэн. Эцсийн хариу зургадугаар сард гарах төлөвлөгөөтэй байна. Шинжилгээний хариу гарахаар албан ёсоор мэдээлэх болно.