Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын ялыг хэвээр үлдээлээ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан, зөөвөрлөсөн хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээс 6-12 жилийн хорих ял сонссон Л.Гантуул, Ё.Оюунбилэг, ПАлтансүх нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  нийслэлийн Шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзээд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Шүүх хурлыг Д.Дамдин-Од даргалж, Улсын яллагчаар Ц.Насанбат оролцсон байна. Харин ялтнуудын өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Д.Нямхүү, Г.Ганболд, Д.Ганбат, Б.Ганбаатар нар оролцжээ.

 Ялтан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар нь 2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Түүнчлэн БНХАУ-ын Ардын шүүхээс  бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн  Л.Байгальмааг золиослож хар тамхи тээвэрлэгчээр ашиглаж байсан гэх үйлдлээр эрүүгийн хэрэгт татагдсан юм. Шүүхээс Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жилийн хорих ял, Малайз улс руу хар тамхи зөөвөрлөсөн Ц.Оюун-Эрдэнэ, Вьетнамаас БНХАУ руу хар тамхи зөөвөрлөсөн П.Алтансүх нарт тус бүр зургаан жилийн хорих ял оноосон юм. Харин Л.Гантуулын  төрсөн дүү Л.Гандавааг уг хэрэгт холбогдолгүй хэмээн  шүүх бүрэлдэхүүн үзэж хэрэгсэхгүй болгосон билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж