Токио-Улаанбаатарын онгоц 19.50 цагт хөөрнө

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Токио-Улаанбаатарын онгоц 19.50 цагт хөөрнө

Улаанбаатар-Токиогийн нэмэлт нислэг өнөөдөр 14.00 цагт хөөрчээ. Эндээс нэг ч зорчигчгүй хөөрсөн тус онгоц 18.50 минутад Токио хотын “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм. Онгоцны буудал дээр хүлээж  байгаа иргэдээ суулган цагийн дараа буюу 19.50 цагт Улаанбаатар луу хөөрч таван цаг 30 минутын дараа Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах юм. Онгоцоо хүлээх монгол иргэдийн дунд  онгоцны буудал дээр дөрөв хоносон хүн бидэнтэй холбогдсон юм. Түүний хэлснээр “Эх орондоо ирэх гэсэн иргэдийн урт дараалал үүсч, бүртгэлийн ажил удааширсан. “МИАТ”-ын ажилчид зохицуулж, зохион байгуулж чадахгүй байсан. Тиймээс иргэдийн дундаас төлөөлөл гарч нялх хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүд болоод гамшгийн бүсээс ирсэн хүмүүсийг эхний ээлжинд онгоцонд суулгах ажлыг зохион байгуулсан. “Нарита” нисэх буудал дээр одоо 30 гаруй монгол хүн үлдэх байх. Тэд маргаашийн онгоцоор ирэх байх аа” гэж байсан. Нисэх онгоцны буудалд 100 гаруй монголчууд байсан бөгөөд идэх хоол, ус байхгүй, нэлээд их зутарч байсан бололтой.  Мөн зорчигчдын зүгээс  “МИАТ” компанийн тасалбарын үнэ нэмэгдсэн  гэх гомдлыг тавьсаар байгаа аж. Харин “МИАТ” компани тасалбарынхаа үнийг нэмээгүй, зэрэглэл, ангиллаасаа хамаараад өөр өөр үнэтэй гэж  мэдэгдээд байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж