
Ирланд улсад үйлдвэрлэсэн угаалгын системтэй шинжилгээний зориулалтын татах шүүгээ нь шинжилгээний уусгалтын явцад ялгарч байгаа хийг тусгай хоолойгоор татаж усаар шүршин угаах замаар тусгай ваннад хуримтлуулаад дахин саарамагжуулж шалгасны дараа аюулгүй болсон үед хаягдлыг зайлуудаг аж. Ингэснээр агаар орчинд хортой нэгдэл ялгарах аюулыг арилгасан гэсэн үг юм. Мөн ХБНГУ-д үйлдвэрлэсэн рентгенофлюоресценцийн аппарат /каратметр/ нь сорьц тогтоох шинжилгээ хийх бөгөөд эдлэлийг эвдэхгүйгээрээ онцлог юм. Ялангуяа хувь хүмүүсийн цөөн тоогоор үйлдвэрлэсэн болон шалгуулж байгаа үнэт эдлэлийг шууд шалгаад сорьцын баталгаа дарах боломжийг бүрдүүлсэнээрээ ихээхэн ач холбогдолтой төдийгүй өмнө нь энэ шинжилгээг хийхэд дор хаяж хагас өдөр шаардагддаг байсан бол шинэ аппараттай болсоноор 30 секундын дотор эдлэлийг тодорхойлдог болсон байна. Тэргүүн шадар сайд энэ үеэр зүүж явсан бөгжөө тодорхойлуулав. Тэргүүн шадар сайдын бөгж 18 кратын 75 хувийн алт, 25 хувь нь зэс хар тугалга зэрэг металиас бүрдсэнийг 30 секундын дотор тодорхойлсон юм. Хэдийгээр дэвшилтэт техник технологитой болсон энд үйлчилгээ хийлгэж буй хүмүүст эдлэлийг нь тодорхойлоод тэрийг нь баталгаажуулж цаасан дээр буулгадаг зориулалтын принтер дутагдалтай байгааг энэ үеэр сануулсан юм.
Түүнчлэн өмнө нь хэрэглэж байсан сорьцын баталгааны тэмдэг хэмжээний хувьд том, удаан ашиглагдсны улмаас элэгдэж гаралт муутай байсныг шинэчилснээр шинэ тэмдгийн хэмжээг багасгасан, мөн шивж дардаг болсноороо нарийн эдлэлийг гэмтээх аюулыг багасгаж гаралтыг нь тод болгосон байна. Харин Итали улсад үйлдвэрлэсэн усан хөргөлтийн системтэй, индукцийн зуухны иж бүрдэл нь халаалтын горимоо өөрөө хянаж зохицуулахаас гадна өөртөө тохирсон хөргөлтийн системтэйгээрээ онцлог гэнэ. Хүчин чадал сайтай хоёр зуух зэрэг ажиллах болсноор алт хайлах явцад ямар нэгэн хүндрэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэнийг албаны хүмүүс тайлбарлаж байлаа. Түүнчлэн мөнгөний сорьцын шинжилгээний аппарат шаардлагатай, чулуу буюу алмаз шалгадаг тестийн аппарат хүртэл эдэлгээнээс гарч буйг энэ үеэр сайдад дуулгалаа. Тэргүүн шадар сайд ямартай ч эхний ээлжинд хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ түргэн шуурхай болж дэвшилтэт зүйлүүд бий болсоныг сайшааж цаашид үйлчилгээг улам боловсронгуй найдвартай байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.