Европын стандартыг тэргүүлэх чиглэл болгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Европын стандартыг тэргүүлэх чиглэл болгоно

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Европын комиссын Бээжин дэх төлөөлөгчийн газрын тэргүүн Maрkус Eдерер, болон Улс төрийн газрын зөвлөх Ф.Мадурауд, Монголыг хариуцсан хэлтсийн дарга М.Реүзинг, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн атташе У.Фингелтон нарын хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэргүүн шадар сайд ноён Маркусыг томилогдон ажиллах болсон нь хоёр талын хамтын ажиллагаанд олон дэвшилтэт зүйлийг бий болгох нь гарцаагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн баяр хүргэлээ. Тэрбээр “Бидний хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Тэр дундаа Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 жил болж байгаа ч хэрэгжиж чадаагүй олон асуудал шийдлээ хүлээж байна. Үүний нэг нь Европын норм стандартыг Монголд нэвтрүүлэх асуудал юм. Энэ асуудлыг хэрэгжүүлэхэд та бүхэн чин сэтгэлээсээ тусалж байгаа төдийгүй тодорхой квотоор монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа нь бидэнд томоохон дэмжлэг болж байна” хэмээн талархал илэрхийллээ. Ноён Маркус Тэргүүн шадар сайдыг Европын норм стандартыг Монголд хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд маш хурдтай олон ажлыг хийж хэрэгжүүлээд байгаад нь талархалтай хандаж явдгаа илэрхийллээ. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд танай улс эдийн засгийн шинэ түвшинд гарч эхэллээ. Үүнийг дэмжиж бид хоёр талын “Түншлэл хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэхэд бэлэн болоод байгаа нь хамтын харилцааг хөгжүүлэх чухал баримт бичиг болно гэж үзэж байна” хэмээлээ. Мөн тэрбээр Европын холбооноос Европын норм  стандартыг Монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож буй 8 сая еврогийн тусламжийг ямар чиглэлээр зарцуулах бодолтой байгаагаа  танилцуулсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд нэн даруй тэргүүн чиглэлээ тодорхой болгох ёстой. Бидний хувьд тэргүүн чиглэлд нэгдүгээрт Хүнсний аюулгүй байдлыг хангах, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экпортлоход Европын стандартыг хэрэгжүүлбэл илүү нааштай үр дүн гарах нь гарцаагүй юм. Хоёрт гадаад худалдаа хөрөнгө оруулалтад түлхүү анхаарах, гуравт уул уурхайн засаглалыг Европын стандартад шилжүүлэхэд голлон анхаарах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Хүнсний аюулгүй байдал нэгдүгээрт тавигдаж байгаа нь чухал асуудал. Үүнтэй 100 хувь санал нэг байна. Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын  хувьд ч мөн зүй ёсоор тэргүүлэх чиглэлд орох ёстой. Харин уул уурхайн стандартын хувьд дахин ярилцах шаардлагатай байх. Бидний хувьд энэ тал дээр арай өөр бодолтой байгаа. Гэхдээ илүү ойлголцохын тулд дахин ярилцах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа онцлов. Түүнчилэн талууд тэргүүлэх чиглэлээ энэ зун гэхэд яаралтай батлах тал дээр санал нэгдлээ.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж