Б.Мянганбаяр АНУ-д шинэ амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Б.Мянганбаяр АНУ-д шинэ амжилт тогтоолоо

АНУ-ын Гэгээн Жонны коллежид суралцдаг Монгол оюутан Батсүхийн Мянганбаяр Америкийн коллежийн чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоожээ. Америкийн чөлөөт бөхийн коллежийн аварга шалгаруулах III дивизоны тэмцээн энэ сарын 11, 12-ны өдрүүдэд болсон бөгөөд тус тэмцээний 149 паунд /67,5 кг/-ын жинд өрсөлдсөн Б.Мянганбаяр жингийнхээ ангилалд түрүүлж, тус тэмцээнээс гурав дахь түрүүгээ авсан нь дээд амжилт болсон байна. Өмнө нь энэхүү тэмцээнд гурван удаа түрүүлсэн тамирчин байгаагүй ажээ. Тэмцээнд АНУ-ын их, дээд сургууль, коллежийн оюутнууд оролцдог бөгөөд Б.Мянганбаярын жинд нийт 17 бөх хүч үзсэнээс манай тамирчин таван барилдаан хийж, бүгдэд өрсөлдөгчөө илт давуу ялснаар аваргын алтан медалийн тавцанд гарчээ. Тэрбээр жингийнхээ ангилалд чансаагаар гуравдугаарт бичигдэж байсан бөгөөд аваргын төлөө Огсбургийн их сургуулийн оюутан Тони Валекийг 7:4 харьцаатай ялсан байна. Тэмцээн нийт 10 жингийн ангилалд зохиогдсон бөгөөд нийлбэр дүнгээр Уортбургийг коллеж 117 оноогоор түрүүлж, Огсбург 88,5 оноогоор удаахь байрт шалгарсан байна. Гэгээн Жонны коллежиос Б.Мянганбаяр алтан медаль хүртэж, Дастин Бакстер 184 паундын жинд хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр 50 багаас зургадугаар байр эзэлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж