Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монголд нээхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монголд нээхийг хүсэв

Европ стандарт, нормыг Монголд нутагшуулах зорилт тавьсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд бөгөөд Европын комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдерерийг итгэмжлэх жуух бичгээ барьж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагаа 1993 онд Худалдаа хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ган болон зудын хор хөнөөл, үр дагаврыг арилгахад Европын холбоо манай улсад дэмжлэг, тусламж үзүүлсээр ирсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Мөн Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хоёр тал саяхан үзэглэсэн бөгөөд бэлтгэл ажил нь хангагдаж дуусч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд тавдугаар сарын сүүлчээр Европын холбооны удирдлагуудтай уулзах үеэр гарын үсэг зурснаар уг хэлэлцээр баталгаажна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. 

Бүх салбарт ялангуяа, засаглал, үйлчилгээ, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт европ стандарт, нормыг Монголд нэвтрүүлэхэд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр чухал ач холбогдолтой. Ингэснээр манай орны хөгжлийн олон тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой болно гэдгийг Ерөнхий сайд онцлоод 27 орон, 500 сая хүн амыг нэгтгэсэн Европын холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

 Монгол Улсад суух Элчин сайд бөгөөд Европын комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдерер Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болсон гэдгийг мөн дурдаад уг хэлэлцээр нь Европын холбоо, Монгол Улсын хоорондын харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой. Засаглал, ардчилал, хүний эрх, институцийн шинэчлэлд стандарт хэм хэмжээг сайжруулах чиглэлээр төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 8 сая еврогийн тусламж, энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь европ стандарт, нормыг эх орондоо нутагшуулах зорилго бүхий Монгол Улсын Засгийн газрын санаачилгад дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Маркус Эдерер илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж