“Саубер” шинэ улиралд бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Саубер” шинэ улиралд бэлэн

Бахрейнд нээлтээ хийх ёстой байсан “Формула нэг”-ийн ДАШТ гуравдугаар сарын 27-нд Австралийн Мелбурнд эхний гран-пригаа явуулах гэж байна. Энэ нь багуудад өөрсдийгөө бэлдэх нэмэлт хугацаа олгосон гэсэн үг юм. “Саубер” багт ч мөн өөрсдийгөө сайжруулах боломж олдсон. Түүнийгээ ч сайн ашиглаж байна. Ердөө нэг улирал уралдсаны дараачаар багийн лидер болсон Камуй Кобаяаши баг нь өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү сайжирсан гэдгийг онцолж байлаа. “Миний юу чаддагаа харуулахад тохиромжтой эхлэл гэж бодож байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад маш олон зүйл өөрчлөгдсөн. Багийн нөхцөл байдал ч мөн ялгаагүй. Өнгөрсөн жил яг энэ мөчид манай баг тун хүндхэн үеийг даван туулж байсан бол одоо бид уралдаанд хэрхэн оролцохоо мэддэг болсон. Өнгөрсөн жил бид бэлтгэлээ ажлаа хийсэн гэж бодож байна. Тэгэхээр энэ жил жинхэнэ утгаараа уралдана” гэж Япон нисгэгч хэлжээ.

“Саубер” баг 2010 оны ДАШТ-ийг 44 оноотой дуусгасан. Гэхдээ тэд эхний зургаан гран-пригаас ямар нэгэн оноо авч чадаагүй явсан бол үлдсэн уралдаануудад багийн хоёр нисгэгч зэрэг оноо авах хэмжээнд уралдаж эхэлсэн нь энэ баг улирлын турш хэрхэн сайжирсныг гэрчилж байгаа юм. Харин өсч ява амжилтыг Мексикийн нисгэгч Сергио Перез үргэлжлүүлэх ёстой болж байна. “Формула нэг”-т анхны жилдээ хөл тавих гэж байгаа түүнд баг нь их итгэл хүлээлгэж байгаа юм. “Формула нэгт байх өдөр бүр надад таалагдаж байна. Өдөр бүр шүү. Би үйлдвэр рүү очдог. Өдөр бүр машиндаа суудаг. Өдөр бүр авто тойруулга дээр ажиллаж байдаг. Үнэхээр гайхалтай. Миний мөрөөдөл биелж байна” гэж Перез хэлжээ.

Перез Мексик улсаас “Формула нэг”-т 30 жилийн дараа төрж байгаа нисгэгч болж байна. “Лотус” багт 1981 онд уралдаж байсан Хектор Ребакуе хамгийн сүүлд Мексик улсыг төлөөлөн тэргүүн ангилалд хурд сорьж байсан. Шинэ нисгэгчтэй “Саубер” баг сорил уралдаанаа амжилттай хийсэн. Олны анхаарлыг татаж чадсан тэд эхлэх гэж буй улирал хэдийнээ бэлэн болсон бөгөөд өмнөх жилийн амжилтаа огцом дээшлүүлэх боломж тэдэнд бий.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж