“Ав-Атар” 76:64-өөр “Буллз”-ыг хожив

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Ав-Атар” 76:64-өөр “Буллз”-ыг хожив

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр Спортын төв ордны А зааланд нийт гурван тоглолт боллоо.

Эхний тоглолт ШУТИС-ийн “Акулууд” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд болж, 76:71-ээр “Аварга загаснууд” ялалт байгуулжээ. Тус тоглолтод Д.Мөнхтөр 23 оноогоор “Акулууд”-ыг манлайлсан бол ХҮДС-ийн багаас Д.Чадраабал 14, Э.Дорж-Арилд 13 оноо авсан байна. Өчигдрийн хоёр дахь тоглолт “Милл Хаус” компанийн “Ав-Атар” болон “Баянзүрх Буллз” багийн хооронд болж, 76:64 харьцаатай “Ав-Атар”-ын ялалтаар өндөрлөжээ. Энэ тоглолтод Кимарли Вилльямс 30 оноо авсан нь өчигдрийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин өрсөлдөгч багаас Т.Санчир багаа манлайлж, 17 оноо авсан байна. Харин сүүлийн тоглолтод “Энержи Ресурс” компанийн “Харцага” баг нэмэлт цаг 75:72 харьцаатай “Офицерууд”-ыг хожсон. ШШГЕГ-ын баг хэдийгээр эхний үед илүүрхсэн ч тоглолтын үлдсэн үеүдэд “Харцага” илүү байснаар хоёр багийн тоглолтын үндсэн цаг 63:63 харьцаатай өндөрлөжээ. Улмаар нэмэлт цаг сунгахад “Харцага” өрсөлдөгчөө буулган авсан юм. Тоглолтын туршид 20 оноо авсан О.Золзаяа багаа манлайлсан бол Б.Түмэнжаргал 17, Б.Дорждамба 15 оноо авчээ.

Nissan премьер лигийн 12 тоглолтын дараах байдлаах “Харцага” 10 хожиж, хоёр хожигдсоноор 22 оноотой тэргүүлж байгаа бол нэг тоглолт дутуу “Хасын хүлгүүд” 21 оноотой удаахь байрт бичигдээд байна. Харин ХҮДС-ийн баг одоогоор нэг ч хожилгүй сүүл мушгиж байна.

МСБХ-ны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтууд баасан гаригт үргэлжлэн явагдана.

Маргаашийн тоглолтын хуваарь:

“TLG-13” – “ШУТИС Акулууд”
“Сүлд Офицерууд” – “Баянзүрх Буллз”
“Хасын Хүлгүүд” – ХҮДС Ирвэс”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж