Нэрт эрдэмтний ойг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Нэрт эрдэмтний ойг тэмдэглэлээ

Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Отгоны Пүрэвийн мэндэлсний 80 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болж өнгөрлөө. О.Пүрэв нь Монголын нэн шинэ үеийн түүх судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд ялангуяа 1921 онд ялсан Монголын Ардын хувьсгал, түүнийг удирдан зохион байгуулагчдын нэг жанжин Д. Сүхбаатар судлалаар түүхэн гарын авлага болох олон бүтээл туурвисан билээ. Ардын хувьсгалын анхны партизануудын түүхэн баримт материалыг судлан мөнхжүүлэхэд үнэ цэнэтэй гурван боть эмхтэглийг бүтээн туурвихад арилшгүй мөрөө үлдээсэн юм. О. Пүрэв агсан нь байгалиас заяасан хурц билиг оюунтай, судалж-уншсан,  сонсож мэдсэнээ насан турш үл мартан өөрийн онцгой мэдрэмжээр холбон түүхэн үнэнийг гарамгай сайн тогтоодог  нэгэн байсан билээ. О. Пүрэв нь нэгэн насандаа хүндлэн дээдэлж явсан багш Б. Ренчингийн зөвлөснөөр Монголын түүхэн газар зүй судлалаар хичээнгүйлэн оролдож өнөөгийнхөн бидэнд үнэлж үл барам олон арван туурвил бүтээлээ өвлүүлэн үлдээсэн буянтай буурал байлаа. Энэ чанараараа О. Пүрэв нь Монголын түүхэн газар зүй судлалыг үндэслэгч мөн билээ. Уг шагаасаа зайран энэхүү их эрдэмтэн 1990 оноос Монгол бөө мөргөлийн түүхэн үнэнийг Хөвсгөл нутгийнхаа өтгөс буурлуудын амьд шаштир, архивын үнэт материал ашиглан олон арван ном, нэг сэдэвт бүтээлийг туурвин бөө мөргөлийн түүхэн мөн чанарыг бодитоор дэлгэн нийтийн хүртээл болгосноороо мөн л бөө судлалаар анхдагч нь болсон хүн юм. Хөвсгөл аймгийн Дархадын Торгон Шишгэдийн Тогос Намнан уулын хүү Отгоны Пүрэвийн монголын ард түмэндээ хийсэн бүтээснийг нь мөнхжүүлэхээр хүү П. Бат-Эрдэнэ хэсэг нөхдийн хамт “Отгоны Пүрэв сан” байгуулаад энэ оны турш түүний их үйлсийг сурталдан тариулах ажээ. Энэхүү арга хэмжээг “Дээдэс хайрхад академи”, “Оюуны цэнэг” ТББ идэвхийлэн дэмжиж анхныхаа уулзалтыг саяхан зохион байгуулж олон хүн хамруулж чадлаа. “Дээдэс хайрхад академийн тэргүүн Б. Гансүх “О. Пүрэв агсны амьд сэрүүндээ нийтэд ил тод болсон зарим бүтээлийг бид олж цуглуулаад байна. Зөвхөн Монголын түүх, түүхэн газар зүй, эрэдэм шинжилгээ-судалгааны өгүүллүүд, Улаанбаатар хотын шаштир, газрын зураг, атласыг цуглуулахад нийт 320 гаруй бүтээл нь олдоод байна. Үүнийг эмхтгэх ажлыг бид эхлүүлэхийн хажуугаар түүнтэй холбоотой баримтат кино хийхээр болсон” гэж ярьж байлаа.

Д. Хүрэлбат 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж