Японы лус савдагийг аргадна гэв үү

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Японы лус савдагийг аргадна гэв үү

Монголчууд үнэхээр сай­хан сэтгэлтэй ард түмэн. Японд болсон газар
хөдлөлт, цунамийн гамшгийг өөрсдөө ч үзээгүй байж тэдний өмнөөс шаналж
мөнгө төгрөг цуглуулаад тус дэм болох гээд хичээж байгаа нь үнэхээр
бахархмаар байна. Өөрсдөө ч идэх хоолгүй шахам, ядуугийн туйл болсноо үл
хайхран хүн гэдэг утгаараа асуудалд хандаж тэдэнд тусалж байна. Тэр
битгий хэл “Монголын буддистуудын холбоо” гэдэг байгууллагаас хэдэн
ламыг арлын орон руу явуулах гэж байгаа гэнэ. Угаасаа лам нар ном
уншихаар хүмүүсийн амьдрал сайжирдаг гэдэг нь батлагдчихсан шүү дээ. 
Цагаан сараар төрийн    томчууд урт цэнхэр хадгаас чихцэлдэн байж барьж
зогсч байгаад ном уншуулаад  байдаг шүү дээ. Тэгээд л УИХ-ын
гишүүдийн    амьдрал бидний нүдэн дээр сайжраад байдаг ш дээ. За тэгээд
манай хэдэн лам нар ном уншихын хажуугаар уул усных нь лус савдгийг
аргадаж өгөх юм гэсэн. Би лав уул усанд лус савдаг байдаг гэдгийг одоог
хүртэл мэддэггүй. Байдаг байлаа ч хэдэн лам тойрч суугаад  ном уншихаар
тайвширдаг гэж мэдэхгүй. Тэгээд ч лам нараар ном уншуулаад тайвширчихсан
лус савдгийг  ч мэдэхгүй. Би тэр  “Монголын Буддистуудын холбоо”-ноос
хэд хэдэн зүйлийг асуумаар байгаа юм. Үнэхээр уул усны лус савдаг байгаа
бол уулзуулж өгөөч гэж хүсмээр байна. Бүүр аргадуулж тайвширсан лус
савдаг байгаа бол ярилцлага авмаар байна. Уулзуулж чаддаггүй юм аа гэхэд
ямархуу хэлбэр дүрстэй амьтан болохыг нь нэг харчихвал болох нь тэр.
Манай Монголын лам нар үнэхээр ариухан сэтгэлтэй. Энд байгаа олон
асуудлаа орхиод тэнд очиж туслахаар зориглож байгаа нь л дэндүү агуу
санагдаад байгаагаа нуух юун. Гэхдээ л аргадмаар байгаа бол манай улсад ч
аргадах уул ус байгаагаа мартаж болохгүй. Японд очиж лус савдгаа
аргадчихаад Монголдоо ирж уул усаа аргадахаа мартчихав даа. Тэнд очоод
эргэж ирэхгүй биднийгээ баллах вий. Бас хэдэн шар дээлтэй нөхдүүд Сэндай
хотын гудамжаар сэлгүүцээд явах вий дээ. Цаад япончууд чинь лусыг ингэж
аргаддаг юм байна гээд энд тэнд тэнээд байдаг болчихно шүү. Ямар ч
байсан япончуудын төлөө ном унших нь зөв байх. Харин тэр лус савдаг
аргадна гэдэг нь юу л бол доо. Эхлээд баталчихаад дараа нь аргадвал яаж
байна.

Сэтгүүлч Б.Энхмөнх       "Зохиогчийн эрх" Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж