Газраа байраар солихгүй бололтой

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Газраа байраар солихгүй бололтой

Хаус барина гэж мөрөөддөг газраа 1-2 өрөө байраар солихгүй бололтой

Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 
долдугаар хорооллыг ба­рих ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу нийт 210 га газарт барилга барих зураг төсөл гаргаад байгаа. Харин энэ онд эхний ээлжинд хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс 32-ын тойргийг холбосон зам дагуух 50 га газрыг чөлөөлж шугам, сүлжээ барих ажлыг эхлүүлэхээр болсон юм. Төлөвлөгөөнд орсон газарт нийт 512 айл өрх, аж ахуйн нэгж байдаг аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг газарт инженерийн шу­гам сүлжээ барих, айл өрх, албан байгууллагыг нүүлгэн шилжүүлэхэд нийт 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн 400 метр.квадрат газартай өрхөд 24-28 метр.квадрат нэг өрөө, 700 метр.квадрат газартай өрхөд 35-70 метр.квадрат хоёр өрөө байр буюу түүнтэй тэнцэх мөнгө өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэдтэй уулзаж, га­зар чөлөөлөх асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм.

“Ус, утааны гудамжинд л амьдарч байна шүү” хэмээн ярих Сүхбаатар дүүргийн XI хорооны оршин суугчид хувийн эзэмшлийн газраа зүгээр нэг өгөхийг хүсэхгүй байгаа бололтой. Уг газарт өвөлдөө хэдхэн метрийн цаана байгаа хүний царай танигдахгүй болтол утаа хө­шиглөж, зун, хавар, намартаа гу­­дамж нь шавар шавхайндаа хутгалд­сан байдаг аж. Угаадас, цас нь хайл­сан гудамжаар явахад ша­вар, шавхай туулахаас гадна, угаа­дасны үнэр хамар цоргиж байв. Нийслэлийн гэр хорооллын нийтлэг дүр төрхийг илтгэсэн энэ хорооны иргэд гэр хорооллыг барилгажуулах ажлыг уг нь дэмжиж байна лээ. Гэх­дээ хувийн эзэмшлийн газрыг нь үнэлэх үнэлэмж таалагдахгүй байгаа гэнэ.

Хамгийн эхэнд XI хорооны оршин суугч, өндөр настан Т.Бавуудоржтой уулзлаа. Тэрбээр хашааныхаа үүдэнд нүүрс, түлээ зардаг жижигхэн түц ажиллуулдаг юм байна. Бидний хоо­ронд доорх яриа өрнөлөө.

-Та хашааныхаа газрыг хэ­дэн төгрөгөөр үнэлж байна вэ. Хол­богдох албаны хүмүүсийн гаргасан шийдвэрийг зөвшөөрч байгаа юу?

-Тэдний хэлж буй ханшаар бол манай газар 20 гаруй сая төгрөг болох бололтой юм. Гэхдээ тийм юм гэж юу байх вэ. Манайх хувийн эзэмшлийн газраа 100 сая төгрөгөөр л зарна. Угаасаа энэ хавийн газар 50-100 сая төгрөгийн ханштай байдаг юм.

-Таны хэлсэн 100 сая төгрөгийг өгөх боломжгүй юм биш үү. Гэр хорооллыг орон сууцжуулах, утааг багасгах төсөл хэрэгжүүлж байхад та дэмжихгүй гэж үү?

-Дэмжилгүй яахав. Алийн болгон ингэж суух вэ дээ. Гэхдээ тэглээ гээд иргэдийн газрыг хямд үнээр авахыг дэмжихгүй ээ.

-Тэгвэл 100 сая төгрөгөөр газрыг тань худалдаж авахгүй бол яах юм бэ?

-Би 100 сая төгрөг өгөхөөс нааш эндээс нүүхгүй.

Тэрбээр ийн ярив. Гэхдээ түүнээс өөр хашааныхаа газрыг 100 сая төгрөгөөр үнэлсэн хүнтэй таараагүй юм. 

Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Б.Батцэнгэл:

-Уг нь энэ хавийн газар дор хаяж 50 сая төгрөгийн ханштай байдаг. Гэхдээ одоо 20 гаруйхан сая төгрөгөөр л үнэлээд байх шиг байна. Гэхдээ бүр болохгүй бол төр засгаас гаргасан ханшаар нь өгнө дөө. Хамгийн гол нь иргэдийн санааг газраа чөлөөлчихөөд хаачих вэ гэдэг асуудал зовоож байгаа. Түр орон сууц барьж байгаа л гэх юм. Хаана байгаа, хэзээ ашиглалтад орохыг нь хэн ч мэдэхгүй. Тэгэхээр трактор ороод ирдэггүй л юм бол эндээ байж байсан нь дээр бололтой. Ер нь газар чөлөөлөхөд асуудал их байна. Манай хорооны иргэдийн 80 орчим хувь нь газраа албаны хүмүүсийн гаргасан ханшаар нь худалдах, шинэ байранд орох бодолтой байгаа юм билээ. Харин үлдсэн хэсэг нь зах зээлийн ханшаар худалдана гээд байгаа.

Иргэн Э.Лхамсүрэн:
-Сүх далайтал үхэр амар гэгчээр л сууж байна. Шинээр барих байр нь хэзээ ч ашиг­лалтад орох юм билээ. Тий­мээс хоёр өрөө байрны хан­шаар газраа ху­дал­дана гэж бо­дож байгаа. Айл өрхүүдийн газ­­рыг худалдаж ава­хад нийт 20 тэр­­бум төгрөг зар­цуул­на гэсэн биз дээ. Тэгэхээр зах зээ­лийн ханшаар худалдаж ча­дах­гүй юм шиг байна. Олны жиш­гийг да­гана даа.

Тус хорооны ир­гэд өнгөрсөн до­­лоо хоногт цуг­ларч энэ талаар са­нал солилцсон байна. Настай голдуу хэ­сэг хүмүүс хур­лыг зохион бай­гуулсан аж. Хурал хийсний дараахан нөгөөх настайчууд айл өрхүүдэд “Утаа­наас салгах нэ­рийдлээр иргэ­дийг хохироосон шийд­вэр гаргаж болохгүй. Бид үүгээр далимдуулж их мөнгө авахыг хүсээгүй. Зөвхөн бидний газрыг зах зээлийн ханшаар үнэлэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, нэг метр.квадрат нь 500 мянган төгрөгөөр үнэлэх хэрэгтэй. Үр хүүхэд маань хаус барина гэж боддог мөрөөдлийн газраа 1-2 өрөө нийтийн байраар сольж болохгүй. Сонгууль дөхөөд ирэхээр гэр цэвэрлэх шахдаг хүмүүсийн  бидэнд туслах цаг нь одоо л ирлээ” гэсэн утгатай хоёр хуудас бичиг тараажээ. Түүнчлэн тэд уг бичигтээ “Шинэ зам тавих гээд газар чөлөөлөх үед хамгийн сүүлд газраа чөлөөлөхгүй үлдсэн цөөн айл хүссэн мөнгөө авсан. Энэ байдал дахин давтагдах нь” хэмээн онцолсон байна лээ. Тиймээс га­зар чөлөөлөх ахмадуудын эсэр­гүүцэлтэй тулгарч мэдэх нь. Бас өнгөрсөн долоо хоногт нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүн хорооны айлуудын хаалгыг тогшиж “Дөрөвдүгээр сард газраа чөлөөлөөрэй. Танай газар хэний нэр дээр байдаг юм бэ. Тэр хүнийхээ утсыг тэмдэглүүл” гэсэн үгсийг тушаангуй өнгө аясаар хэ­лээд явсан байна. Энэ нь иргэдийг сандралд оруулаад байгаа ажээ. Тус хороонд хашаанд нь аав, ээж, ах дүү нарынх нь гээд  2-4 өрх амьдардаг айл цөөнгүй байдаг аж. Тиймээс нэг айл нь 1-2 өрөө байр авчихаар бусад нь хаачих вэ гэдэг асуудал гарч ирсэн байна. Юу юугүй газар чөлөөлөх цаг нь болчихоод байхад тус хорооны иргэд хаашаа нүүх, хэнд газраа зарах талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгааг албаны хү­мүүст дуулгая.

Сэтгүүлч Т.Урангэрэл       "Зохиогчийн эрх" Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж