Нийслэлийн Ардчилсан намын дарга албаа өгөхгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Ардчилсан намын дарга албаа өгөхгүй гэнэ

Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны хурал эхлэхтэй зэрэгцээд удирдлагаа өөрчлөх нь гэсэн мэдээлэл хэвлэлээр тарах болсон. Тэгвэл тус намын лидерүүд энэ талаар тодорхой байр суурь баримтлах гэнэ. Ингэхдээ нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржийг өөрчлөх шаардлага байхгүй гэж үзэж буй бөгөөд Монголын ардчилсан холбоо буюу МоАХ-тай зөрчилдөх хэрэггүй гэж үзсэн байна. Учир нь, МоАХ фракцийн Ардчилсан нам дахь нөлөөг илэрхийлэх Ш.Түвдэндорж даргыг албанаас нь чөлөөлөх нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө хэтэрхий их эрсдэл хийсэн үйлдэл хэмээн үзэж буй бололтой.

Ядаж л сүүлийн үед Ардчилсан нам дотор МоАХ фракцийг дэмжих дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт идэвхжих болсон. Тус фракц Ардчилсан нам дахь бусад фракциудаасаа хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ, нам доторх ирээдүйтэй залуусыг ч татан оролцуулах бодлого баримталж байгаа аж. Харин нийслэлийн Ардчилсан намын дарга болох хүсэлтээ удаа дараагийн ярилцлагаараа илэрхийлж ирсэн Х.Тэмүүжин гишүүний тухайд “Нэг ардчилал“ клубын залуусын зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг бий. Гэсэн ч тэд З.Энхболд гишүүний тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоог дэмжиж, “Хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон“ гэх сүр дуулиантай мэдэгдлийг чангаар “хашгирч“ байсан ч санаандаа хүрээгүй. Иймд энэ удаад ч тэр нийслэлийн Ардчилсан намын даргаар өөрсдийн хүнийг тавих сонирхлоо шууд илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн бололтой.

Түүнчлэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнбатыг өнгөрсөн хаврын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар өөрчилнө гэсэн яриа гарч байсан. Улмаар “Алтангадас“ фракцийн сонирхол гэдгээр тайлбарлагдаж байсан Д.Эрдэнэбат даргыг өөрчлөх сонирхол тухайн үед МҮДН-ий “угшил“-даа үнэнч үлдсэн цөөхөн хэдэн лидерүүдийнх нь эгдүүцлийг хүргэж байсан. Иймд “Алтангадас”, “Нэг ардчилал“, МоАХ тэргүүтэй Ардчилсан намын олон фракциуд  УИХ-ын 2012 оны сонгуулийг хүртэл хэн хэнийхээ ашиг сонирхлоор тоглохгүй хэмээн тохиролцсон байна. Харин энэ дунд Засгийн газарт хоёр ч дэд сайдтай, ардчиллыг анхнаас нь дэмжиж ирснээрээ бахархдаг “Кроун“ бүлгийн басч болохгүй лидерүүдийн хувьд шүүмжлэлийг нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны хурал дээр үргэлжлүүлэх бололтой. Тус фракцийн гишүүдийн санаачилж боловсруулсан Үндэсний зөвлөлдөх хорооны ротацийн сонгуулийг УИХ-ын 2012 оны сон­гууль хүртэл дахин явуулахгүй болсон нь тэдний ийнхүү хатуухан шүүмжлэл өрнүүлэх шалтгаан болох аж. Ийнхүү Ардчилсан намын дарга Н.Алтан­хуягийгаа өөрчлөх гээд өөрчилж чадаагүй тус намынхан энэ удаад нийслэлийн Ардчилсан намын даргыг ч өөрчилж чадахгүй нь тодорхой аж. Шалтгаан нь нийслэлийн Ардчилсан на­мын даргын суудлаар оролдох нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө намын дотоод зөрчлийг хурцатгахгүй гэсэн тодорхой нэг үн­дэслэлээр тайлбарлагдах ажээ.


Тоймч Г.Отгонжаргал       "Зохиогчийн эрх" Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж