
Сэтгэцийн эмгэгтэй, хараа хяналтгүй тэнэмэл хүмүүсийн араас сураг ажиг тавих хүн тун цөөн. Ойр дотны садан төрөл нь гаргуунд хаячихсан байхад тэдний араас хөөцөлдөөд явах хүн хэр олон байх билээ дээ. Ингэж нүдэнд орсон хог мэт бусдад адлагдах тэдний араас “хүүе” гэх хэн нэгэн байхгүйгээс хохирогч болох тохиолдол мэр сэр гарч байна. Тухайлбал мөрдөн байцаагч, хяналтын прокурорын алдаатай үйлдлийн улмаас нэгэн сэтгэцийн эмгэгтэй бүсгүйд ял төлөвлөчихөж. Бүсгүйд анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял оноочихсон байх юм. Хэргийн тухай баримт дурдья. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхжаргалын хяналт тавьж байцаагч мөрдөн байцаах ажиллагаа явуулсан Б.Оюунчимэг гэдэг бүсгүйд холбогдох Эрүүгийн хуулийн 91.2-оор зүйлчилсэн шунхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэм буруутай хэрэгт Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг нотлогдсон гэж үзэн 16 жилийн хорих ял оноосон байна. Гэтэл зарим албаны хүний ярихаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүн алсан хэрэгт шүүгдсэн Б.Оюунчимэг нь сэтгэцийн эмгэгтэй хэрэг хариуцах чадваргүй нэгэн гэнэ. Анхаасаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг эмэгтэйг шалгаж эхлэснээс хойш нотлох баримт цуглуулах, хувь хүний эрүүл мэндийн байдлыг тогтоох зэрэгт хайхрамжгүй үл ойшоосон байдлаар хандснаас болж шинжээч эмчийн дүгнэлтийн хариу алдаатай гарч бүсгүйг хэдэн сарын турш торны цаана суулгаж амжжээ. Харин энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурлын үеэр нийслэлийн Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад саяхан буцаасан тухай таатай мэдээ сонсогдов. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.4 дахь хэсгийг үндэслэн яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүдийг нотлоно гэсэн заалтын дагуу мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг нийслэлийн Шүүхээс гаргасан юм. Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах хэрэгт яллагдагчаар татагдаж анхан шатны шүүхээс ял сонссон Б.Оюунчимэг бүсгүйн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг дахин нягтлан шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Б.Оюунчимэг бүсгүйн амь насыг нь бүрэлгэсэн гэх хохирогч агсан Б-ыг нас барахад нь эмч нар анхан шатны тусламж үзүүлэхдээ алдаа гаргаагүй эсэхийг эргэлзээгүй нотлох нь зөв гэжээ. Ингэж шүүх бүрэлдэхүүн үзэх болсон нь бас л учиртай аж. Хэргийн талаар эргэн нэхвэл шүүгдэгч бүсгүй одоогоос хоёр жилийн өмнө буюу 2009 онд Хар хорин захын ойролцоохи траншейд хохирогч Б-ийн хамт амьдардаг байсан юм байна. Хэрэг холбогдох өдөр буюу өнгөрсөн оны аравдугаар сард хохирогчтой хамт архи ууж улмаар цээжин тус газар нь хэдэн хэдэн хутгалж амийг нь егүүтгэж цагдаагийнханд саатуулагджээ. Энэхүү хэргийг харьяаллын дагуу цагдаагийн ажилтнууд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Харамсалтай нь тухайн үед хүн амины хэрэг үйлдсэн Б.Оюунчимэг нь тэнэмэл, орон байргүй зэрэг нь мөрдөн байцаагч, хяналтын прокурорт хэрэгт хайхрамжгүй байдлаар хандах шалтгаан болсон бололтой.Дээрх баримтаас харахад хэрэг бүртгэгч мөрдөөн байцаагч, хяналтын прокурорын ур чадвар дутах, эсхүл үл ойшоосон байдлаар хандаж хүний эрх зөрчих явдал цөөнгүй тохиолдол болжээ. Энд бас нэгэн тоо баримт дурдья. Нийслэлийн Шүүхээс гаргасан судалгаагаар өнгөрсөн онд давж заалдах шатны шүүх хурлаар 173 хүнд холбогдох 108 хэргийг хэрэгсэхгүй болгож, 931 нь хэргийг хянан хэлэлцсэнээс 10 хүнийг цагатгаж,13 хүний хэргийг зүйлчлэлийг өөрчилж 222 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.Тэгэхээр зөвхөн дээрх тоо судалгаанаас харахад мөрдөн байцаагч прокурорын хяналтын шатанд хэдэн арван хоногоос хэдэн сараар цагдаагийн хаалга сахьсан олон хүн шүүхийн давж заалдах шатны шүүхэд хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогджээ. Тэгвэл ингэж олон арван хүнийг хилс хэрэгт гүтгэх, нотлогдохгүй хэргийг санаатай үүрүүлэх гэсэн мөрдөн байцаагч, прокурорын ажилд хэн хариуцлага тооцдог юм бол.Өөрөөр хэлбэл алдаа гаргасан хуульч, цагдаад хэн хариуцлага хүлээлгэдэг бэ. Дээрх сэтгэцийн эмгэгтэй хэрэг хариуцах чадваргүй эмэгтэйг шорон гянданд удаан хугацаагаар суулгасан хяналтын прокурор Т.Мөнхжаргал болон мөрдөн байцаагч, шинжээч эмчид ямар арга хэмжэээ авсан бол. Хэдийгээр хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй ч хэрэгт холбогдсон бүсгүй сэтгэцийн эмгэгтэй болохыг эмч нэгэнт тогтоогдчихоод байхад энэ хүний эрхийг зөрчсөн цагдаагийн ажилтан, прокурорт хариуцлагааас мултарч үлдэх хэрэг үү. Бид ч нүдэн балай чихээ таглаад чимээгүйхэн суугаад байх уу. Эдгээр асуултад хариулт авахаар эрх бүхий албан тушаалтанд хандахад” Ажилдаа алдаа гаргасан хэрэг бүртэгч, мөрдөн байцаагчид сахилгын хариуцлага ногдуулна. Ажлаас халах хүртэл арга хэмжээ авч болно” гэсэн товчхон хариултыг өглөө. Тэгэхээр өнөөдөр хэвлэл мэдээллийхний сонорт хүрсэн л энэ хэрэг болохоос цаана нь хичнээн хүн сэтгэлзүйн хүнд байдалд орж, хэрэгт хилсээр холбогдож эрх нь зөрчигдөж байсныг таах аргаггүй. Хууль зөрчин байж хууль сахиулах тухай ярьдаг, хэргийг ур чадвар ухаан санаагаа дайчилж илрүүлэхийн оронд хүч хэрэглэж бие махбодид нь халдах, хууль бусаар нотлох баримт цуглуулж яллах дүгнэлт үйлддэг эрхэм прокурор, цагдаагийн ажилтнуудад хатуухан хариуцлага оногдуулах хэрэгтэй байгаа нь дээрх баримт өгүүлж байна. Эс бөгөөс гэм буруугүй хэр нь сэжигтнээр татагдаж хохирогчид өдөр ирэх тутам нэмэгдсээр байх болов уу…
Н.Түвшин