Ерөнхий сайд SALE зарлав

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд SALE зарлав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууцны урт хугацаатай зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулах шийдвэр гаргав. Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 11-нд “100 мянган орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж­лын хэсгийнхнийг өрөөндөө дуудан хуралдуулж, орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх үүрэг өгсөн.  Тэрбээр үүний өмнөх хоёр хоногт газар дээр нь танилцан судалсны үндсэн дээр ийм зоригтой алхам хийснээрээ наанадаж гэр хорооллын 160  мянган өрхөд буян хийж байгаа юм. Цаашлаад Улаанбаатарын утааны асуудлыг давхар шийдэх гарцыг агуулж байгаа болохоор үүний үр дүнд хожих хүний тоо хохирогчдынхоос ямар ч тохиолдолд давж гарах нь тодорхой. Тиймээс энэ шийдвэрийг буруушаах, хараар будахад амаргүй л болов уу. Ямартай ч арилжааны банкуудаас орон сууцны зориулалтаар олгож буй урт хугацаатай зээлийн хүүг 12 хувиас давж  байсныг зургаан хувьд барих онцгой шийдвэрийг сайшаахгүй байж чадсангүй. Учир нь үе үеийн Засгийн газар үүнийг шийдэж чадаагүй,  тийм боломж нөхцөлийн хувьд ч өнөөдрийнхөөс өөр байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Тиймээс мө­рөөдлийн чанартай олон амлалтын нэг нь ч атугай ийн­хүү биеллээ олж буйг яаж ч хараар будаад нэмэргүй болов. 

Орон сууцны зээлийн хүүг нэг оронтой тоонд, тэр тусмаа зургаан хувьд барина гэдэг бол зөвхөн мөрөөдөл л байсан юм шүү. Алхам алхмаар ахисаар байсан энэ ажлыг тэрбээр гэнэт  түлхүүрдэж, агшин зуурт хурдаа нэмж амжив. Тий­мээ, тэр зоригтой  алхам хийлээ. Гэхдээ хүчээр биш.  Орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгохын өмнөх өдрүүдэд барилгын салбарт бизнес эрхлэгчид болон  банкныхантай уулзсан. Эрсдэл хийгээд давуу талыг нь  шүүн ярилцаад болно гэж үзжээ. Мөн Сингапур улс иргэдээ хэрхэн орон сууцжуулсан туршлагатай ч танилцаад ир­сэн. Тус улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээлийг олгосноор нийт хүн амынхаа 94 хувийг орон сууцтай болгожээ. Бид нийт айл өрхийнхөө 90 хувийг хангах зорилт тавивал асуудал бүр ч хялбар биш үү.

Сингапур улс газрын баялаггүй мөртлөө иргэд нь сайхан амьдарч болоод байхад манайх яагаад утаанд нүдээ хорсгож, иргэдийнхээ ихэнх хэсгийг “гэр хорооллынхон” хэмээн адлуулж амьдрах ёстой юм бэ. Тэр тусмаа үүнийг эрх мэдэл, үүрэг, хариуцлагыг гартаа атгасан энэ цаг үед, би л хийх ёстой гэсэн түүний тархинд орсон л байж таарна. Тиймээс үүнийг гэнэтийн шийдвэр гэж ойлгож болохгүй.

Мэдээж хөрөнгө, сан­хүүгийн асуудал санаа зовоох нь тодорхой байв. Тиймээс энэ сарын 2-нд Засгийн газрын хуралдаанаар  “Төсвийн ал­дагд­лыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг бүр­дүүлэх зорилгоор энэ онд 124 тэрбум 443 сая 400 мянган төгрөгийн үнэт цаас гарган арилжаалах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх” асуудлыг хэлэлцүүлж дэм­жүүлсэн юм. Гүйцэтгэх за­саглалын тэр­гүүн үүргээ өглөө. Харин гүйцэтгэгчид нь хэн бэ. Юуны өмнө ажлын хэс­гийн ахлагч Шадар  сайд  М.Энхболд  түүний даалгаврыг биелүүлэхэд онц­гой чухал үүрэг хүлээж байна. Ерөнхий сайд, хотын дарга байсан М.Энхболд өөрийнхөө мөрөөдөж явсан боловч яаж ч чадаагүй ажлаа гүйцээхээр ханцуй шамлан орлоо. Хаана, юун дээр гацдаг, ямар саад бэрхшээл тулгардгийг тэр сайн мэднэ. Тиймээс ч үүрэг авснаас хойш тав хоногийн дотор Үндэсний хороо байгуулан өөрөө ахалж шууд хуралдууллаа. ЗТБХБ-ын сайд, Нийс­лэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын за­хирагч Г.Мөнхбаяр нарыг дэд даргаар сонгож, холбогдох бүх байгууллагын 20-оод хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлэв.  М.Энхболд, Х.Бат­тулга, Г.Мөнхбаяр на­рыг хэн хотын асуудлыг, аж ахуйн ажлыг хийж чадахгүй, мэ­дэхгүй гэх билээ. Бизнесийн ухаан, төрийн албыг хослуулан Үндэсний хорооныхон энэ том ажлыг нугалах үүргийг нэгэнт хүлээн авлаа. Эхний ээлжинд таван хуулийг ши­нээр боловсруулж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй болж байна. Тэднийг УИХ-ын чуулган дээр гэнэт оруулаад батлуулчих биш. Дэс дараатай, багцалсан байх учиртай тул нэг хэсэг нь хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд дайчлагдана. Мөн банкны эрсдэл, иргэдийн эрх ашгийн асуудалд Монголбанкны ерөн­хийлөгч Л.Пүрэвдорж хоёр дэд ерөнхийлөгчтэйгээ хамт­ран анхаарна. Барилгын салбарыг Х.Баттулга сайд яамныхантайгаа командлаад хө­дөлнө гээд төсөөлөхөд ит­гэхгүй байх аргагүй юм биш үү. Эхний ээлжинд Буянт-Ухаад 12500, Яармагт 32500, Баянголын аманд 18000, долдугаар хороололд 10956,  Телевизийн орчимд 4200, 14 дүгээр хороололд 12000 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ. Шаардлагатай бол тусгай хамгаалалттай газ­рын бүсийг ч өөрчлөн тогтоох хуулийн төслийг УИХ-д оруулж болно хэмээн Шадар сайд М.Энхболд хэлсэн бай­на.

Хэрэв тэр Ерөнхий сайд С.Батболдын энэ том зо­рилтыг зөв зохион бай­гуулаад хэрэгжүүлчихвэл ард тү­мэн л хожино. Түүний газ­рын авлигачин энэ тэр ямар хамаатай юм бэ. Ямар гадаадад аваачаад зарчихсан биш. Монголын газар нутаг дээр хэвээрээ л байгаа шүү дээ. Тэгээд ч хуулийнхан түүний буруугүйг нотолчихсон гэсэн биз дээ. Одоо хойшоо биш, урагшаа харж хөгжих цаг ирчихээд байна.

Нийслэлийн бүх айл өрх орон сууцанд амьдарч, ногоон байгууламжтай хотоор цэвэр агаар амьсгалан алхаж явбал энэ Засгийн газраас магтаалын үг харамлаад яах вэ дээ. Дээр нь “ТЭЦ-5” ца­хилгаан станц тэдгээр орон сууцыг хангаад зогсохгүй, ба­­руун бүсээ цахилгаан, эрчим хүчээр тэжээж, хүрэн нүүрсээрээ шингэн түлшээ үйлдвэрлэн хойд хөршөөс хараат байдлаасаа гарчихвал бүр ч догь. Ирээдүйгээ ингэж харах хааяа ч гэсэн гоё биш гэж үү.


Тоймч У.Оргилмаа       "Зохиогчийн эрх" Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж