Бахрейны Гран-приг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Бахрейны Гран-приг цуцаллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Формула нэг”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний улирлын нээлтийн гараа болох Бахрейны Гран-при уралдаан тус улсад үүсээд буй улстөрийн хямралын улмаас цуцлагдахад хүрлээ. Хуваарь ёсоор ирэх сарын 13-нд болох байсан Бахрейны Гран-при нь шинэ улирлын эхний гараа байсан бөгөөд багагүй хугацаанд яригдсаны эцэст тамирчид болоод үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уралдааныг цуцлах шийдвэр гаргажээ. Ингэснээр 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 27-нд Мелбурн хотноо Австралийн Гран-при уралдаанаар эхлэх болж байна. Арлын вант улсад үүсээд буй энэхүү улстөрийн хямрал, ард түмний эсэргүүцлийн улмаас хэдэн арван хүн амиа алдаж, олон хүн шархадсан учир Бахрейны угсаа залгах ханхүү Салман ибн Хамад аль Халифа “Формула нэг”-ийн босс Берни Экклестоунтэй холбогдож, эцсийн шийдвэрээ дуулгасан гэнэ.

    Бахрейны Гран-при уралдаан нь 2004 оноос эхлэн “Формула нэг”-ийн албан ёсны хуваарьт багтах болсон юм. Шинэ улирлын анхны уралдааны өмнөх гурван сорилгын сүүлчийнх нь гуравдугаар сарын 3-нд Бахрейнд эхлэх байсан ч мөн л дээрхийн адил шалтгаанаар цуцалж, улмаар Испанийн Барселона хотноо гуравдугаар сарын 8-11-ний хооронд явуулахаар болжээ. Ийнхүү олон сая үзэгч, хөгжөөн дэмжигчтэй “Формула нэг”-ийн нээлтийн гараа цуцлагдсан нь Бахрейны эдийн засагт багагүй хохирол учруулна гэдгийг хэвлэлээр бичиж байна. Багагүй хөрөнгө оруулалт авчирдаг байсан тус уралдаанаас 2008 онд гэхэд л шууд болон шууд бус байдлаар 600 орчим сая ам.долларын орлого олж байсан аж. Британийн The Times сэтгүүлд мэдээлснээр Бахрейны Гран-при уралдааны зохион байгуулагчид энэ жилийн хөтөлбөрт багтахын тулд 40 сая ам.доллар зарцуулсан, дээр нь улирлын нээлтийн уралдаан байхын тулд нэмж 20 саяыг зарлагадсан гэх. Дээр нь, өнгөрсөн жилийн уралдааны дараа Сахирын тойрог замд 50 сая ам.долларын засвар, шинэчлэл хийжээ. Ямартай ч одоогоор Бахрейны Гран-при уралдааныг нөхөж явуулах эсэх нь тодорхойгүй байна.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж