Тусгай зөвшөөрлийг нь цуцална

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг нь цуцална

Хэрэв телевизүүд тогтоосон шаардлагуудыг зөрчин үзэж болох, болохгүй насны хязгаарыг илтгэсэн тэмдэглэгээ хийгээгүй, веб сайтууд хориглогдсон, хууль бус агуулга байршуулан түгээж, интернэт кафенууд үйлчилгээний тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ХЗДХЯам, УМХЕГазрынхан албан ёсоор мэдэгдэв. Мөн интернэт үйлчилгээний компаниудад харилцагч байгууллагуудынхаа сүлжээнд шүүлтүүр тавих ажлыг нэн даруй хийж хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
    Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын хуулиудад садар самуун, хүчирхийлэл, хүний наймаанд хөтөлсөн, турхирсан агуулгыг мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр дамжуулахгүй байх тухай зохицуулалт байдаг. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс юуны өмнө телевизүүд өөрийн эфирээр гаргаж байгаа бүх нэвтрүүлэгтээ хэдээс хэдэн насны хүн үзэж болохыг тодорхойлсон тэмдэг, тэмдэглэгээ хийж байх зохицуулалтыг энэ оны зургадугаар сарын 1 гэхэд бэлэн болгоно. Харин интернэт кафенуудыг тоноглол, тохижилтын байдлаар нь хоёр төрөлд ангилан бүртгэхээр болсон байна. Тухайлбал, +18 ангиллын мэдээллийг үзүүлж болох интернэт кафе нь компьютер бүртээ тасалгаа хийж, чихэвч зэрэг төхөөрөмжийг заавал ашигласан байх, ийм тохижилт хийгээгүй кафенууд насанд хүрэгчдэд зориулсан агуулга бүхий сайтуудыг заавал блоклосон байх учиртай гэнэ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий МХХТ-ийн компаниудын эрхэлдэг сайтуудад хууль бус агуулга байрлуулах, бусдад ийм агуулга бүхий мэдээллээр үйлчлэх, дамжуулах, түгээхийг хориглохын зэрэгцээ төсвийн хөрөнгөөр интернэтийн төлбөрөө төлүүлдэг төрийн болон төсөвт байгууллагуудын интернэт үйлчилгээнд заавал шүүлтүүр буюу фильтер байрлуулж, хууль бус агуулгыг хязгаарлах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
    Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин мэдээлэл хүлээн авах, дамжуулах, солилцох аливаа хэрэгсэл нийгмийн ёс суртахуун, ухамсар, хүүхэд багачуудын хөгжил, сэтгэцэд сөргөөр нөлөөлөх ёсгүй.
                                                                                              Б.Батжаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж