
Өмнөговь аймагт дэд бүтэц хөгжүүлэх шаардлагатайг тус аймгаас сонгогдсон
гишүүд байнга хэлдэг. Тэнд үйлдвэр, станц барьж чадвал баялгаа үнэд
хүргэх, бүс нутгаа хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, томоохон
төслүүдийг хэрэгжүүлэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгээс
тодрууллаа.
-Чуулган завсарлангуут би тойрогтоо ажиллаж байна. 2011-2013
ондУлаанбаатар, Мандалговь, Тавантолгой, Оюутолгойн хоёр хэлхээт 220 кВ
ын Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ), дэд станцын хамт барихаар
төлөвлөсөн. Энэ ажлыг гүйцэтгэх тендерийн ялагч тодорч ажлаа эхлүүлэхээр
болсон. Ингэж чадвал ганц Өмнөговь аймаг бус Монгол Улсын хөгжлийн
түлхүүр болох Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах, бүтээн байгуулалт
өрнүүлэх боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ ажлын эхлэл ямар байгаа
талаар тойрогтоо ажиллангаа танилцаж байна. Намрын чуулган
завсарлахаас өмнө Говийн бүсийн стратегийн ордыг эргэлтэд
оруулахад шаардлагатай дэд бүтцийн асуудлыг яаравчлах хүсэлтийг
ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод уламжилсан. Монголчууд бид өөрсдөө агаарын
шугамаа барьж, Тавантолгой дээр станцтай болчихвол эрчим хүчний хараат
байдлаас гарч баялгаа үнэд хүргэх юм.
Б.Энх