УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна

Бүгд Найрамдах Франц улсад хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн ажлын айлчлал үргэлжилж байна.

    Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүдийн хамт Францын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүштэй уулзлаа. Түүний эрхэлсэн ажлын хүрээнд үйлдвэр, эдийн засаг хөдөлмөр эрхлэлт гээд олон салбар багтдаг аж.

     УИХ-ын даргын айлчилж буйд таатай байгаагаа илэрхийлээд “Би танай оронд очихыг мөрөөддөгөө илэрхийлмээр байна. Монгол гэдэг үг дорно дахины нууцлаг болгоныг өөртөө агуулдаг шиг санагддаг” хэмээн уулзалтынхаа эхэнд өгүүлсэн Засгийн газрын гишүүн Пьер Лөлүш “Хоёр орны харилцаа сайхан явж ирсэн ч бүр санасанд хүртэл өргөжихгүй байгаа. Харин таны энэ айлчлал үүнд шат алхам болж өгнө гэдэгт итгэж байна. “Мон-Атом”, “Арева”-гийн хамтын ажиллагаанаас гадна ямар салбарт бид хамтран ажиллах боломж байгаа вэ” хэмээн асуулаа.

       УИХ-ын дарга хориод жил улс төрийн ардчиллыг тогтоохын төлөө явж ирсэн Монгол Улс эдийн засгийн хөгжилдөө анхаарч, томоохон орд газруудыг ашиглаж эхэлсэн гээд Монголын хувьд орд газраа ашиглахаас гадна хөдөө аж ахуйн салбар чухал, үүнд тус салбараа ихээхэн хөгжүүлсэн Францаас суралцаж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Европ стандартыг нутагшуулснаар хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнийг боловсруулан гаргах боломж бий гэж үзэж буйгаа илэрхийлээд Улаанбаатарт Европын Холбооны төлөөлөгчийн газрыг байгуулахад тус холбооны нөлөө бүхний орны хувьд анхаарна гэдэгт итгэж буйгаа онцолж байв. Ноён Пьер Лөлүш ч Европын Холбоонд улсаа төлөөлөх Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд гүүр болох боломжтой гээд “Монголд Европын Холбооны төлөөлөгчийн газар байгуулагдах нь чухал ач холбогдолтой” хэмээж байв.

      Мөн эрхэм спикер Японд болсон газар хөдлөлтийн дараа үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Франц Улс цөмийн энерги боловсруулах тухайд ямар нөхцөл байдал үүсэх бол хэмээн сонирхоход Засгийн газрын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүш “Японд болж буй явдлыг бид одоогоор урьдчилан дүгнэж хэлэхэд эрт байна. Бид анхааралтай ажиглаж байна. Ерөнхийдөө энэ талаар улс төрийн өндөр хэмжээнд яригдаж, хэлэлцүүлэг хийгдэж байна. Гэхдээ бидний нэвтрүүлсэн гурав дахь үеийн атомын цахилгаан станц нь ийм эрсдлээс сэргийлсэн давхар хөргүүрийн системтэй учраас илүү үнэ цэнэтэйд тооцогдож таарна” гэж байлаа. Япон улс эрчим хүчнийхээ 27 хувийг атомын цахилгаан станцаас гаргадаг бол Франц 80 хувийг гаргаж, дэлхийд уг үзүүлэлтээрээ тэргүүлдэг аж.

     Уг уулзалтын дараа эрхэм спикер Францын Үндэсний Ассемблейн Ерөнхийлөгч Бернар Аккуйетай уулзлаа. Хоёр спикерийн уулзалт ихээхэн энгийн, бас халуун дотно болж өнгөрөв. Спикерүүд хоёр орны харилцаа тун давгүй урагшилж ирсэн ч одоо улам бүр эрчимжүүлэх болсон, энэ талаар парламентын зүгээс хувь нэмрээ хичээнгүйлэн оруулах хэрэгтэй гэцгээж байв. Тун энгийн, шалмаг түргэн алхаатай Бернар Аккуйе “Монгол Улс биднийг гурав дахь хөршөө хэмээн онцолсонд баяртай байдаг” гэж байлаа.

     УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч Францын хааны зараалаар Их Монгол Улсад очиж Монголын тухай түүхийг бичиж үлдээсэн В.Рубрукийн номын түүхэн ач холбогдол одоо ч чухал хийгээд тэр үеэс гаргасан хоёр орны харилцааны зам жимийг улам бүр нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн хоёр парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд шууд нөлөөлж таарна гээд соёл, эдийн засгийн хүрээнд харилцан хөгжиж байгаа харилцааг улам бүр өргөжүүлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарт хамтрах боломж байгаа гэж үзэж буйгаа илэрхийллээ.

     Монголын талаас спикерүүдийн гурав дахь айлчлалд тооцогдож буй уг ажлын айлчлал өнөөдөр дуусч, УИХ-ын дарга 18-ны өдөр эх орондоо ирнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж