Нас барагсдын тоо 10 мянга хол давах байх

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Нас барагсдын тоо 10 мянга хол давах байх

Элчин сайд Кидокоро Такүо: Нас барагсдын тоо 10 мянга хол давах байх

Японы Сендай хотод болсон хүчтэй газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн улмаас олон мянган хүн нас барж, тус улсын эдийн засагт их хэмжээний хохирол учраад байгаа билээ. Япон улсад үүсээд байгаа гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан  Монгол Улсын Засгийн газраас нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, ОБЕГ-аас 12 аврагчаа тус улсад илгээгээд  байна. Япон улсад үүссэн гамшгийн эргэн тойрон дахь асуудлаар Япон улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кидокоро Такүогоос зарим асуултад хариулт авлаа.

-Таныг Монгол Улсад ажиллах хугацаанд Японд ийм хүчтэй газар хөдлөлт болж байсан уу?
-1995 онд Осака хотод энэ удаагийнхтай дүйцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт болж байсан. Энэ удаагийнх дан ганц газар хөдлөөд зогсохгүй цунами үүссэн нь гамшгийн хэмжээнд хүргэлээ. Японы байшин барилгууд тийм хэмжээний газар хөдлөлтөд тэсвэртэй. Харин газар хөдлөлтийн  улмаас цунами үүссэн нь олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол амсахад хүргэсэн гэж бодож байна.
 
-Гамшигт нэрвэгдэж амь насаа алдсан нутаг нэгтнүүдийнхээ тухай ярихад танд хүнд байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ биднээс илүү Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн сэтгэл зовж, чин сэтгэлийн хандив тусламжаа өгч байгаад талархаж буйгаа илэрхийлмээр байна. Газар хөдлөлт болсноос хойш цагийн дараа Японы Ерөнхий сайд ард түмэндээ хандаж үг хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд эмгэнэлийн цахилгаан илгээсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч надтай утсаар холбогдож эмгэнэл илэрхийлсэн.

-Танд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр гамшгийн голомт Сендай хотод нөхцөл байдал ямар байгаа бол?
-Олон мянган хүн сураггүй болсон. Нас барсан хүний тоо 10 мянга хол давах болов уу. Мэдээж Японд үүссэн нөхцөл байдалд Засгийн газраас анхаарлаа хандуулж, сэргээн босгох ажлыг хийх нь гарцаагүй.

-Монголчууд эх орондоо ирж байна. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?
-Гамшгийн голомтод байсан иргэд эх орондоо ирэх нь зөв  гэж бодож байна. Гэхдээ нөхцөл байдал хэвийн  хотуудаас ч монголчууд эх орондоо ирж байна л даа. Тухайн хүний эрхийн асуудал шүү дээ. Монголд Японд болдог шиг  хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй болохоор цочирдсон  байж болно. Гэхдээ тайван байдал ирэхээр буцаж явах бодолтой олон хүн байна лээ.

-Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаарх мэдээллийг зарим талаас дэвэргэж байна гэх шүүмжлэлтэй та санал нийлэх үү?
-Мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай дамжуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл  зарим нэг мэдээллийн хэрэгслээр явж байсан. Энэ нөхцөлд Япоын удирдлага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард иргэдээ тайван байхыг илүүтэй анхааруулж байсан.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж