Засгийн газар хөрөнгийн зах зээл рүү орлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Засгийн газар хөрөнгийн зах зээл рүү орлоо

Л.ПҮРЭВДОРЖ: ЗАСГИЙН ГАЗАРХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ДАЛАЙЦТАЙ ОРЛОО

-Засгийн газрын хуралдаанаар том, том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд бонд гаргах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулж, нийтдээ Монголын санхүүгийн зах зээлд 800 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэр гаргалаа. Энэ бол том шийдвэр. Яагаад том шийдвэр вэ гэхээр Засгийн газар маань хөрөнгийн зах зээл рүү анх удаагаа далайцтайгаар орж байна. Үүний ач холбогдол үнэхээр их. Бидний яриад байдаг хөрөнгийн хоёр дахь зах зээлийг бий болгох ач холбогдолтой. Нөгөө талаасаа өнөөдөр Монголын банкны салбарт үүсчихээд байгаа илүүдэл нөөц, боломжтой нөөц хөрөнгийг дайчилж бүтээн байгуулалтын ажилд хэрэглэх болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

-“100 мянган айл орон сууц” хөтөлбөрт зориулж хэдий хэмжээний бонд гаргах болж байгаа юм бол?
-Тэгэхээр энэхүү 800 тэрбум төгрөгийн бондыг зөвхөн орон сууцны санхүүжилттэй холбон ойлгож болохгүй. Ямар ч байсан 300 орчим тэрбум төгрөгийн бондыг орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар шийдэж байна. Гэхдээ цаашдаа ярьж тодруулах зүйл байна.

-Орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулах бололцоо хэр байгаа вэ?
-Боломжийн тухайд, бүх орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу бууруулна гэвэл үнэхээр том асуудал үүснэ. Ихээхэн мөнгө шаардана. Зах зээлийг эвдэнэ. Хэдийгээр энэ нь нэг талдаа орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжиж байгаа боловч, нөгөө талаасаа ялгаагүй л нийгмийн халамжийн хөтөлбөр болж, хувирах эрсдэлтэй. Баян хүн байсан ч, жилийн зургаан хувийн хүүтэй зээл авна гэвэл хавтгайрсан нийгмийн халамжийн тал руугаа орох болж байгаа учраас яг  ямар хүрээнд зургаан хувийн зээлийг олгох вэ  гэдгээ дахиж тодруулах шаардлага байх шиг байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж