Сонирхлын зөрчилтэй түшээдийг хэрхэн ”журамлах” вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчилтэй түшээдийг хэрхэн ”журамлах” вэ?

Сонирхлын зөрчлийн хэлбэр

Хаана сонирхлын зөрчил бай­на, тэнд авлига “цэцэглэдэг” нь нэгэн­тээ батлагдсан тул дэлхийн олон орон сонирхлын зөрчлийг хязгаарлах тусгайлсан хууль ба­талж, мөрдөж иржээ. Харин ма­­найд өнөөдөр сонирхлын зөрч­лийг зохицуулсан тусгайлсан хууль байхгүй нь энэ төрлийн зөр­чил газар авч, төрийн албаны бүхий л шатанд үүрлэж, авлигыг авлигыг цэцэглүүлж байгаа тухай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчиг­дөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр онцлов. Тэрбээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Сүх­баатар, Ж.Энхбаяр нартай хамтран Сонирхлын зөрчлийг хяз­гаарлах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьс­ныг намрын чуулганд оруулсан. Одоогоор УИХ уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн ч эхний хэлэлцүүлгийг хийгээгүй байгаа. Харин 20 хүрэхгүй хоногийн дараа эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцээд,  батал­чихвал энэ төрлийн зөрчлийг хязгаарлах боломжтой болж, тэр хэрээр авлига, хээл хахуультай хийх тэмцэл нэг алхам урагшилна гэсэн үг. Хууль санаачлагчийн хэлснээр сонирхлын зөрчил ма­найд дараах хэлбэрээр оршиж буй гэнэ.

УИХ-ын нэр бүхий гишүүн нэгэн агентлагт хувийн чанар­тай нэг зүйлийг гуйжээ. Агент­лагийнхан гишүүний гуйл­тыг биелүүлээгүй тул мань эр УИХ дээр ажлын хэсэг байгуулан шалгалт хийхээ мэдэгдсэн байна. Дарамтад орохоос зүрхшээсэн агентлагийнхан гишүүний гуйлтыг ёсоор болгосноор шалгалтын ажил намжиж байсан удаатай аж. Энэ бол бодит жишээ. Хэрвээ сонирхлын зөрчлийг хязгаарлах хуультай бай­сан бол даварсан гишүүн ингэж бүхэл бүтэн агентлагийг хурууны аясаар хөдөлгөж чадахгүй байв. Нөгөө талаас дарамтлуулсан агент­лагийнхан түүнийг Авлига­тай тэмцэх газарт мэдүүлэх бүрэн боломжтой болно.
Хоёр дахь жишээ нь, албан тушаалаа ашиглан оюутан хүүх­дийн­хээ нэр дээр 40 ширхэг ашигт малтмалын лиценз  бүртгүүлээд ав­чихсан “зайтай” төрийн түшээ ч манайд байдаг аж. Чухам ямар аргаар хаана, хэдий хэмжээний нөөцтэй зэс, нүүрсний орд байна вэ гэдгийг тодорхойлчихов гэвэл УИХ-ын гишүүний эрх мэдлийн хүрээнд энэ талын бүх мэдээлэл өөрт нь төвлөрдөг аж. Тэгээд л лицензийн наймаагаа цэцэглүүлж, хөрөнгөжсөн гэж байгаа.
Гурав дахь баримт бол нөөц нь тогтоогдсон ордыг нөөцгүй болгож бичээд, үнэ цэнийг нь навс унагаж, мөн л өөрийн эзэмшилд бүртгүүлж, өмчилж авч. Энэ бү­хэн нь нэг ёсондоо төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнуудын сонирхлын зөрч­лийг зохицуулсан хууль байхгүй тул эрх мэдэлтнүүд ар хударгаар нь хэрхэн дураараа дургиж, нийтийн өмчөөр гараа угааж болдгийн бодит жишээ. Тиймээс дээрх гишүүд Со­нирх­­лын зөрчлийг хязгаарлах тухай хуулийн төслийг боловс­руулахдаа хуучин пост коммунист орнууд буюу манайтай ижил системд байгаад хожим зах зээлд шилжсэн орнуудад мөрдөж буй энэ төрлийн хуулийг судалж, өө­рийн орны онцлогт тохируулж, олон улсын жишигт нийцүүлэн боловсруулжээ.

ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Хууль батлагдвал төрийн ал­бан тушаалтан болон төрийн ал­бан хаагчид жил бүр сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргадаг бол­но. УИХ-ын гишүүн хувийн сонирхлын мэдүүлгээ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд жил бүр гаргаж,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Зас­гийн газрын гишүүд, УИХ, Ерөн­хийлөгч, Засгийн газраас томи­логддог албан тушаалтнууд хувийн сонирхлын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгөх юм. Хувийн сонирхол гэдэг нь тухайн хүний ямар бизнес эрхэлдэг, хаанаас хувьцаа эзэмшдэг болон гэр бүлийн хүмүүсийн ажилладаг салбар, эрхэлдэг бизнес гэх мэт. Хэрвээ УИХ-ын гишүүн атлаа Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг бол Авлигатай тэм­цэх газарт дээрх мэдүүлгийг гаргаж өгнө. Харин Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хувийн сонирхлын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон бүх шатны шүүгчийн ху­вийн сонирхлын мэдүүлгийг Шүү­хийн ерөнхий зөвлөлд, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувийн сонирхлын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба хүлээн авахаар тус тус зааж өгчээ.

Ийн нарийвчлан заасан нь дараах шалтгаантай холбоотой. УИХ-ын гишүүн сонирхлын зөрч­лийн мэдүүлгээ гаргадаг болсноор хувийн эрх ашиг буюу бизнесийн орлогод нь нөлөөлөхүйц хуулийн төсөл дээр ажиллах, ажлын хэсгийг ахлах, түүнд оролцох эрх нь хуулиар хязгаарлагдана. Түүнчлэн УИХ-ын гишүүн төдийгүй төрийн албан тушаалтнууд бусдаас бэлэн мөнгийг шагнал урамшуулал хэл­бэрээр авлаа гэхэд тэр нь нэг сарын цалингаас илүүгүй байх, заасан хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд зөрүүг нь төсөвт оруулах болж буй юм.

Нөгөөтэйгүүр, дээр хууль батлагдсан нөхцөлд давхар ажлыг хязгаарлах асуудал ч хөндөгдөж байгаа аж. Учир нь өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Болосврол, соёл шинжлэх ухааны яаманд тодорхой алба хашиж буй албан тушаалтнуудын нэлээд хэсэг нь олон улсын төсөл хэрэгжүүлдэг байна. Энэ нь цаанаа гадаадын байгууллагад үйлчлээд байна уу, Монголын төрд үйлчлээд байна уу гэх эргэлзээг төрүүлдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөгч хийгээд сууж буй нь мөн л дээр дурдсан сонирхлын зөрчлийн хамгийн том амьд жишээ болж байгаа. Тиймээс хэн давхар ажил эрхэлж болох, хэн болохгүй вэ гэдгийг ч уг хуулиар хязгаарлах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж