Бэлчээрийг хувьчлахад болгоомжтой хандах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Бэлчээрийг хувьчлахад болгоомжтой хандах хэрэгтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй уулзаж ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд ма­най орны нийт нутгаар хүйтний эрч чангарч бай­на. Мал ид төллөж бай­гаа цаг. Хөдөө орон нутагт хаваржилт хэр байна?
-Өнгөрсөн 2010 оны зуд малчдад том сургамж үлдээсэн. Тиймээс тэд өнгөрсөн намар хадлан тэжээл сайн бэлтгэж, өвлийн бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангасан байгаа. Энэ нь өвлийг өнтэй давахад нөлөөлсөн. Энэ хаврын тухайд цаг агаараас ирэх бэрхшээл гайгүй байна. Увс, Завхан, Өвөрхангай аймгийн зарим сумыг эс тооцвол хаваржилт сайн байна. Одоогийн байд­лаар зүй бус малын хорогдол 92092-д хүрсэн байгаа. Төв, Баян-Өлгий, Сэлэнгэ, Говь-Алтай, Хэнтий аймагт мал төллөж эхэлсэн талаар  мэдээ ирсэн. Энэ жил 11,3 сая төл мал хүлээж авна гэсэн тооцоо судалгааг манай яамны мэргэ­жилтнүүд гаргасан. Мал ид төллөх үед цаг агаар хүйтэрч байгаад санаа зовниж л сууна. Монголын хавар тогтворгүй ааштай. Өглөө нь дулаахан тогтуун байснаа орой нь  нүд, чихгүй цасаар шуурах нь бий. Тиймээс малчид цаг агаарын мэдээг байнгын сонсч, тэнгэр хангай эвгүйтсэн үед урьд­чилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгаас чухал. Ирж яваа цаг гэж хэн хүнгүй л сэтгэл тэнийж байна. Гэхдээ хав­рын улирал урт гэдгийг мартаж болохгүй.

-Энэ урт “шар хүн”-ийг давж гарах бэлтгэл хэр хангагдсан бэ. Өөрөөр хэлбэл, төл мал хүлээн авах бэлтгэлээ малчид маань хэр базаасан бол?
-Ер нь манай малчид, тариа­ланчид бэлтгэлээ урд жилүү­дийнхээс илүү сайн базаасан гэж хэлж болно. Энэ жил өвс тэжээлийн нөөц, хүрэлцээ ч хангалттай байгаа. Төл малаа гарз хохирол багатай бойжуулахад олон хүчин зүйл нөлөөлдгийн дотор тэн­гэр хангайн байдал чухал гэд­гийг хэлэх хэрэгтэй. Тэнгэр хангай сайхан байвал малчид маань мал төллөлтийн энэ хариуцлагатай, асар их ачаа­лал­тай үеийг  хүндрэлгүй да­ваад гарна.  Миний хувьд хавар намрын аль ч цагт тэнгэрийн ааш араншингийн талаар бодож байсангүй. Одоо бол цаг агаарын мэдээг тун анхаардаг бол­сон. Энэ бол миний ха­риуцаж байгаа ажилтай маань шууд холбоотой. Гэхдээ өөд­рөг сэтгэлтэй байна. Энэ жил дулаахан өвөл болсон тул  хавар ч сайхан болох байх гэж найдаж сууна даа.

-Удахгүй “Монгол мал” хөтөл­бөрийн хүрээнд то­моо­хон зөвлөлгөөн бо­лох гэж байгаа гэсэн. Засгийн газраас хэрэг­жүүлж буй “Монгол мал” хөтөл­бөрийн зорилго юунд оршиж байна? Энэ­хүү хөтөлбөрөөс яг ямар үр дүнг хүлээж байна вэ?
-2009 онд түүхэнд анх удаа малчид руу чиглэгдсэн төрийн том бодлого болох ”Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” батлагдаж, амжилт­тай хэрэгжиж эхлээд байгаа.  2010 онд  УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж  “Монгол мал” хөтөлбөрийг УИХ-ын 23 дугаар тогтоолоор  баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд энэ гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол мал” улсын анхдугаар зөвлөлгөөнийг Төрийн ор­донд  зохион байгуулах гэж байна. Хөтөлбөрийн гол зорил­го нь монгол малыг ча­нар­жуулах, эрүүлжүүлэхэд ор­­шиж бай­на. Өнөөдөр малчид тооны хойноос хөө­цөл­дөх бус ча­нарыг чухалчлах шаардлагатай болж. Бэлчээрийн даацаа бод­сон ч, эдийн засгийн үр аш­гаа тооцсон ч малын чана­рын асуудлыг нэгдүгээрт та­вих хэрэгтэй байна. “Мон­гол мал” хөтөлбөрийг хэ­рэг­­жүүлс­нээр мал аж ахуйн бүтээг­дэхүүний экспортын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэх болно. Эдийн засгийн үр ашиг нь сайжрах юм. Хэрвээ бид ДЭМБ-аас баруун таван айм­гийг  шүлхийгүй бүс гэсэн тодор­хойлолт авчихвал, ма­най улсын хөдөө аж ахуйд хөгжлийн шинэ эхлэл тавиг­дана гэж ойлгож болно. Энэ то­дор­хойлолт монгол малын боловсруулсан мах, түү­хий эдийг дэлхийн аль ч улсад саадгүй экспортлох болом­жийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

-Та саяхан Ерөнхий сай­дын айлчлалын ба­гийн бүрэлдэхүүнд орж Австралийн эрчимсэн мал аж ахуйтай танил­цаад ирлээ. Тэндээс сурах юм монголчуудад хэр их байна?
-Австрали улсад манай орон­­той ижил төстэй зүйл олон ажиг­лагдсан. Уул уур­хайгаасаа гадна хөдөө аж ахуйн салбарыг орхигдуулалгүй нэ­лээд эрчимтэй хөгжүүлсэн байна. Монгол Улс Австралиас туршлага судлах, боломжтой зарим зүйлийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Манай улсын хөгжилд уул уурхайн салбар тэргүүлэх үүрэгтэй нь үнэн. Гэх­дээ улс орны эдийн за­сагт үр өгөөж нь өндөр сал­баруудаа зэрэгцүүлэн хөг­жүүлэх бо­ломж байгааг авст­ра­ли­чуу­даас харсан. Өнөөдөр манай бэлчээрийн  мал аж ахуй дэл­хий дахины сонирхлыг татаж байна.  Тиймээс хөдөө аж ахуйг хөг­жүүлэхэд төрөөс дэм­жиж, эргээд эдийн засгийн үр шимийг нь хүртэх томоохон бололцоо бий. Ийм бодит нөөц  боломжоо оновчтой, үр өгөөж­тэй ашиглахын тулд Засгийн газраас  хэд хэдэн  томоохон бод­лого боловсруулан ажил­лаж байна.

-Хавар, намар болохоор л шүлхий болон бусад малын өвчин гарчихдаг. Үүнээс болоод махны үнэ багагүй өсдөг. Монгол орон хүн амаасаа хэд дахин илүү малтай хэр­нээ махны үнэ нь инфляци хөөрөгдөх шалт­гаан болоод байна шүү дээ?
-Махны үнэ, үйлдвэрлэлийн талаар манай Х.Золжаргал сай­даас илүү дэлгэрэнгүй мэ­дээлэл авч болно. Миний хувьд шүлхийн талаарх асуул­тад чинь хариулт өгье. Шүлхийг ганцхан манай орны төдийгүй дэлхийн олон улс орны мал аж ахуйн салбарын толгойны өвчин гэж хэлж болно. Манайх энэ өвчинтэй нэлээд сайн тэмцэж байгаа орны тоонд ордог. Нэгдүгээр ээлж­ний вакцинжуулалтыг хий­сэн. Одоо тун удахгүй хоёр дахь вакжинцуулалтын ажлыг ирэх сарын нэгнээс эхлүүлнэ. ОХУ-ын 375 сая рублийн бу­цалтгүй тусламжийн хүрээнд вакцин нийлүүлж байгаа. Мөн Япон улсаас өгсөн 220 мянган ам.долларын хүрээнд 980 мянган тун вакцин авч нөөцлөөд байна. НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүд Монголд ирж,  шүлхий өвчинтэй тэмцэж ажил­лассан бидний ажилд мони­торинг хийж үнэлэлт өгөөд буцсан. Шүлхий өвчний голомт, бүсэд манай эмч нарын авсан арга хэмжээ, үйл ажиллагааны арга барилд үндсэнд нь “сайн” гэсэн үнэ­лэлт өгсөн. Энэ бол манай багийнхны ажлын үр дүн сайн байгааг харуулах баримт мөн.

-Өнгөрсөн өвлийн зуд­наар малгүй болсон малч­дыг малжуулах ажил ямар явц­тай байгаа вэ?
-Өнгөрсөн жилийн зуднаар хотоо харлуулсан айл өрх олон бий. Хэлж ирдэггүй байгалийн гамшгийг яалтай билээ. Зас­гийн газраас 2010 оны зуднаар огт малгүй болсон 8711 өр­хийн 50 хувийг малжуулах бод­лого барьж ажиллаж байна. Үүнд шаардагдах нийт хөрөнгийн 40 хувийг ул­сын төсвөөс гаргах, 40 ху­вийг нь гадаадын тусламж, хандиваар, 20 хувийг нь орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан малжуулах ажил өрнөж байгаа. Улсын төсөв, гадаадын төсөл, орон нутгийн нөөц бололцоогоор нийтдээ найман тэрбум төгрөгөөр 5162 өр­хийг 144,6 толгой малтай болгоод байна. Энд нэг зүйл онцлоход малчид маань хамтрах, хоршоолох сонир­холтой болжээ. Нэг, нэг жалга бараадаад хол явахгүй гэдгээ ойл­госон бололтой. Энэ бол мал аж ахуйн хөгжилд чухал нө­лөө үзүүлэх нааштай алхам юм.

-Бэлчээрийг хувьчлах хэ­рэг­тэй гэсэн санал сүү­лийн үед багагүй сонсогдох болж. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Бэлчээрийг хувьчлах нь зөв, буруу гэсэн маргаан багагүй гардаг л даа. Хувьчлаагүй байхад бэлчээрээс болж хэрүүл зодоон, буу шийдэмдээ хүрч байгаа нөхдүүд хувьчилвал бүрч хурцдаж мэдэх талтай. Үнээс бэлчээрийг хувьчлах цаг хараахан болоогүй байна гэсэн дүгнэлт хийж болно. Хамгийн гол нь энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй.  Сайн судалж, малчдын санал бодлыг тусгаж, нарийн шал­гаж байж шийдэхгүй бол олон сөхөг үр дагавар гарч мэднэ. Тиймээс миний бие энэ асуудалд ихээхэн болгоомжтой ханддаг.

-Хаврын тариалалтын цаг ойртож байна. Энэ жил манай улс га­даадаас үр гуйхгүй гэж мэ­дэг­дээд байгаа. Ингэж чадах болов  уу?
-“Атарын III” аян манай газар тариалангийн салбарыг жинхэнэ утгаар нь сэргээж чадсан. Ирэх сарын сүүлчээр газар тариалангийн ажил эхэлнэ. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 281.2 мян­ган га-д үр тариа, 23.9 мянган га-д төмс, 7.4 мянган га-д хүнсний ногоо, 12-13 мянган га-д малын тэжээлийн ургамал тарьж, нийтдээ 315 мян­ган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Энэ жил аль болохоор импортоор үр авахгүй байхаар шийдсэн бай­гаа. Учир нь хэрэгцээт үрийнхээ 100 хувийг дотоодоос хангах боломж байгаа. Нийтдээ улаан буудайн 46 мянган тонн үр шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн жилээс нөөцөлсөн 36.8 мянган тонн үр хадгалагдаж байгаа гэсэн судалгаа бий.   Өнгөр­сөн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэм­жих санд таван мянга орчим тонн үрийн буудай, ОБЕГ-ын улсын нөөцийн санд гурван мянган тонн үр байгаа. Тэгэхээр гаднаас үр гуйхгүй гэж ойлгож болно.  Мон­голд тарьж, ургуулсан төмс зуун хувь дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаж бай­гаа. Харин дотоодынхоо хүнс­ний ногооны 60 хувийг энэ жил хангана гэсэн зорилт тавьсан. Эрүүл, чанар­тай эх орныхоо хүнсээр иргэдээ хангаж, импортын чанар­гүй бараанаас аль болох татгалзахаар манай яамнаас “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг боловсруулаад ажлаа эхлүүлсэн. Мөн “Халх гол” гэсэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа. Халх голын эрэг дагуух газрыг тариа­ланжуулах бэлтгэл ажил эхэлсэн. Энэ төсөл сайн хэрэг­жиж чадвал манай улс дотоодынхоо улаан буудай, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангахаас гадна илүүдлээ экспортлох боломжтой болох юм.

-Шатахууны үнийн хэл­бэл­зэл газар тариа­лангийн ажилд бэрх­шээл авчрах нь бий. Та­риалалт хийхэд хүрэлцэх шатахууныг нөөцөлж чад­сан уу?
-Энэ талаар санаа зоволт­гүй. Газар тариалангийн үйлд­вэрлэлд нийт 17,7 мян­ган тонн шатахуун хэрэгтэй гэсэн тооцоо байгаа. Одоо­гийн байдлаар шатахуун хан­галттай. “Атрын III аян” үргэл­жилж байгаа. Энэ аяны хүрээнд тариаланчдаа дэм­жих, урамшуулах, техник хэрэгслээ шинэчлэх ажил шат дараатайгаар шийдэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Дэлхийд хүнсний бүтээг­дэ­хүүний хомсдолд нүүр­лэж байна. Монгол­чуу­дын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн гурил, мах, хүнсний ногооны үнэ цаашид хэр тогтвортой байх бол?
-Гурил, хүнсний ногооны хувьд үнэ нь харьцангуй тогтвортой байдаг шүү дээ. Импортоор гаднаас үр худалдаж авахгүй болохоор гурилын үнэ тогтвортой байх болов уу. Ирэх сарын эхээр Дархан-Уул аймагт тариаланчдын төвийн бүсийн зөвлөлгөөнийг хийнэ. Энэ зөв­лөлгөөнөөр тулгамдсан асууд­луудын талаар ярилцаж, тариаланчдын санал бодлоо сонсох болно.  Ажил хэрэгч олон санал гарах байх. Өнгөр­сөн өвөл 16 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд түүний  урамшуулалд зориулж  найман тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгаад байна. Үүнээс Улаанбаатар хо­тод 12 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотод тус бүр нэг мянган тонн, аймаг бүрт 100 тонн мах нөөцөлж бэлтгэсэн. Одоо нөөцийн махыг худал­даад эхэлсэн байгаа.

-Жил бүрийн хавар нөө­цийн мах хямд үнээр зардаг боловч махны үнэ нэмэгдсээр л байдаг. Харин энэ жил яах бол?
-Өмнөх жилүүдэд нөөцийн мах бэлтгэлийн хэмжээ харь­цангуй бага байсны улмаас мах­ны үнэ тогтворгүй, өсөлт­тэй байсан гэж үзэж байна. Харин 2010 онд өм­нөх оныхоос 5.7 дахин их хэмжээтэй мах бэлтгэсэн боло­хоор энэ хавар махны хан­гамж, үнэ харьцангуй тогт­вортой байх болно. Сүүлийн өдрүүдэд махны үнэ буурч эхэлсэн нь үүний үр дүн   гэж хэлж болно.

-Танаас сонирхох өөр нэг асуулт байна. Хонгор сумтай холбоотой асуу­дал. Таныг Хонгорыг хор­доогүй гэсэн дүгнэлт гар­гасныхаа хариуд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын суудлаар шагнуулсан гэх үг байдаг?
-/Инээв/. Сонин юм шүү, хаанаас ийм үг гардаг байна аа, ойлгодоггүй юм. Намайг Хонгорыг хордоогүй гэсэн дүгнэлт гаргасан гээд л гүжир­дээд байдаг. Яг үнэндээ би тэр асуудалд огт хамаагүй юм шүү дээ. Би Засгийн газрын рефентээр ажилладаг байхдаа Монгол Улсын хууль тогтоомж, захирамж, дүрэм журам хэр хэрэгжиж байгааг хянадаг  байсан. Хонгор суманд очиж ажиллах багт намайг байсан эсэхийг мэдэхийг хүсч байвал тухайн үед Засгийн газраас баталсан ажлын хэсгийнхний нэрийг очоод харчихаарай. Аж­лын хэсгийнхний нэрсийн дотор Ж.Сауле гэдэг ынэр байхгүй гэдгийг дахин хэлье. Тийм болохоор Хонгорыг хордсон, эсвэл хордоогүй эсэх дүгнэлт надтай огт хол­боогүй юм. Үүнийг хууль хя­нал­тын байгууллагаар шал­гуулж болно л доо. Нөгөө талаар би энэ албыг хэн нэгнийг лоббидож аваагүй юм шүү. Миний төрийн албанд ажилласан 27 жилийн туршлага, ажлын чадварыг минь үнэлж надад итгэл хүлээл­гэсэн гэж ойлгодог. МАН бол боловсон хүчин сайтай. Тэр утгаараа аливаа төрийн албан тушаалд томилох хүнээ маш сайн судалж, өндөр шаардлага тавьж томилдог. С.Баяр даргын өндөр шаард­лагад нийцсэн учраас л би дэд сайдын албыг хаших үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа.

-Та үнэхээр Хонгор су­манд очиж ажиллаагүй юм уу?
-Би тэр ажлын хэсэгт орж ажиллаагүй, ямар дүг­нэлт гарсныг  тантай адил мэдээл­лийн хэрэгслээр сонссон. Намайг тэнд очиж ажилласан эсэ­хийг ядаж Хонгор сумынхнаас асуух хэрэгтэй. Тэд мэдэж байгаа.

-Ирэх сонгуульд таныг Баян-Өлгий аймгаас гарах хамгийн  өндөр магадлалтай хүн гэсэн судалгаа байгаа. Таны рен­тинг ч аймагтаа нэлээд өндөр яваа гэсэн?
-Ирэх сонгуульд нэр дэвших асуудлыг ярихад арай л эрт байна. Эхлээд сонгуулийн хууль батлагдах ёстой. Хоёр­дугаарт гэвэл хаана, хэнийг дэвшүүлэх нь манай намын бодлогоор хэрэгжих зүйл. Нам надад итгэл хүлээлгээд Баян-Өлгий аймагт өрсөлдөх хэрэгтэй гэж үзвэл нэр дэвшихэд бэлэн байна. Харин хэрэггүй, чи чадахгүй гэвэл зүтгээд байх бодолгүй. Аль ч нөхцөлд намын бодлого шийдвэрийг хүндэтгэж үзэх болно.  Эцэст миний нэр дэв­ших, үгүйг  олон түмэн, намын удирдлагууд мэднэ.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам­ны  ажил хамгийн хүнд сал­барын нэг. Энэ сал­барт ажиллах эмэгтэй хү­ний хувьд хэцүү байна уу?
-Мэргэшсэн чадвартай хамт олны дунд ажиллаж байгаа болохоор түүртээд байх юмгүй. Манай сайд, төрийн нарийн бид гурав насаараа тө­рийн албанд зүтгэж байгаа ул­сууд болохоор сайхан гар нийлж ажиллаж байгаа. Салбар маань өөрөө жилийн дөрвөн улиралтай уралдаж, зохицож ажиллахыг шаарддаг. Хэцүү гээд яахав, миний ажил үүргийн хувиарт юу байна тэр бүхнийг хийхийн төлөө зүтгэхээс өөр аргагүй.
 

Ж.Нямсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж