Өмнөд Солонгос Эмиратаас газрын тос олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Эмиратаас газрын тос олборлоно

Өмнөд Солонгос Арабын нэгдсэн Эмираттай газрын тос олборлох гэрээ байгуулжээ. Сөүл эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд Персийн булангийн холбоотой харилцаагаа өргөжүүлж байна.  Нэг тэрбум баррель газрын тос олборлох 110 их наяд воны (97.9 тэрбум ам.доллар) хөрөнгөтэй уг гэрээ Өмнөд Солонгосын газрын тосны салбарт хэрэгжүүлэх хамгийн том төсөл болох юм.

Абу Даби хотод Өм­нөд Солонгосын ерөн­хийлөгч Lee Myung-Bak Арабын нэгдсэн Эмиратын шейх Khalifa bin Zayed Al-Nahayan гэрээнд гарын үсэг зурцгаасан байна.
2012 оноос хэрэгжих гэрээний урьдчилсан заалтын дагуу Сөүл Абу Даби дахь 570 сая баррелийн нөөцтэй газрын тосны ордыг дангаар эзэмшиж, 2013 оноос үйлдвэрлэлээ эхлүүлэх аж. Сөүл мөн 2014 оноос ашиглалтын гэрээ нь дуусах нэг тэрбум баррель газ­рын тосны нөөцтэй ор­дыг олборлоход хамтран ажил­лах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  Өмнөд Солон­госын ерөнхийлөгч Lee Myung-Bak 2009 онд хийсэн айлчлалаар Арабын нэгдсэн Эмиратад цөмийн реактор байгуулах 20.4 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Уг төсөл нь Азийн орноос хилийн чанадтай байгуулсан хамгийн  өндөр өртөгтэй нь байсан аж. Өмнөд Солонгос дэлхийн тав дахь том түүхий нефть импортлогч бол Арабын нэгдсэн Эмират газрын тосны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Саудын Арабын дараа хоёрдугаарт ордог. Сөүлийн Эмираттай байгуулсан гэрээ  Өмнөд Солонгосын гадаадаас импортолдог газрын тос болон байгалийн хийн хангамжийн 15 хувийг шийдэх юм.  Ингэснээр импортын түүхий эдийн үнийн шуурганд өртөх нь багасна гэж эдийн засагчид нь үзэж байна. Талууд өнгөрсөн ням гаригт гэрээнд гарын үсэг зурахдаа үйлдвэрлэл, санхүү болон  хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллахаар зөвшилцсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж