Чулуутай шөл буюу сонгуулийн мөрийн хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Чулуутай шөл буюу сонгуулийн мөрийн хөтөлбөр

Дайн дуусч, гэр лүүгээ буцаж явсан гурван цэрэг нилээд өлссөн алхаж явав. Тэгтэл жижиг тосгон дайралджээ. Өлссөн цэргүүдийг тосгоныхон цадтал нь дайлах байх гэж бодсоор тосгон руу очтол хэн ч тэгсэнгүй. Дайны тарчиг цагт тосгоныхон хоол хүнсээр гачигдаж хашраад, байгаа бүхнээ бусдаас нуудаг болсон байлаа.

Гэвч цэргүүд тогоонд ус хийж буцалгангаа дотор нь гурван чулуу хийчихээд, эгээ л амтат шөл болох гэж байгаа мэт галаа тойрон сууцгаав. Гайхсан тосгоныхон харахаар тойрч ирэхэд, "Энэ бол чулуутай шөл" гэж тайлбарлав. "Тэгээд дотор нь зөвхөн чулуу л байгаа хэрэг үү?" гэж гайхахад, "Тиймээ, гэхдээ хэдэн лууван нэмээд хийчихвэл хамаагүй амттай болох дог шүү" гэвэл нэг нь гүйж хариад зоориноосоо хэдэн лууван авч ирлээ.

Хэдэн хормын дараа, "Ингээд л болоо гэж үү?" хэмээн хэн нэг нь бас л асуув. Тийм, гэвч хэдхэн төмс байвал ч бүр янзтай болно доо. Тосгоныхноос ахиад нэг нь зоорь луугаа гүйв. Ингээд нэг цаг өнгөрөхөд цэргүүд шөлөндөө гахайн мах, байцаа, сонгино, давс зэргийг нэмж дөнгөв. Хүн болгон зооринд байгаа зүйлээсээ орц нэмсээр байлаа.

Ийнхүү хэсэг хугацааны дараа тэд тогоо дүүрэн уур нь савссан амтат шөлтэй болоход цэргүүд тогооноос чулуунуудыг гаргаж хаяаад тосгон даяараа ойр хавьд идэж үзээгүй хоолыг хамтдаа сууж зооглоцгоов.

Энэхүү чулуутай шөлний түүхэнд хэдийгээр цэргүүд тосгоныхныг мэхлэж зоорь луу нь гүйлгэж байгаа мэт боловч, гол нь цэргүүд өдөөгч болж, тосгоныхон ганц нэгээрээ хийж дөнгөхгүй үр дүнг хамтран бий болгож байгаа юм. Эцсийн дүнд бүгд хожсон. Үүний адил Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг нь улс орныг хөгжүүлэх, бүгдийг хожилд хүргэх бодлого болохоос биш иргэдэд таалагдаж буй бол үр дүн нь хамаагүй гэсэн хорлон сүйтгэх төлөвлөгөө биш. 

Үнэндээ сонгуульд нэр дэвшигчид олон зүйлийг амладаг ч тэдэнд юу ч байдаггүй. Улсын их хуралд багтан хууль тогтоогчид болох гэж буй эрхмүүдэд чулуу буюу мөрийн хөтөлбөрөөс өөр зүйл байхгүй. Мөрийн хөтөлбөрийн хамгийн гол шалгуур биелэгдэх боломжтой бөгөөд, үр дүн нь эерэг зүйлд хүргэж байхыг шаарддаг. Иймд дээрх шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн мөрийн хөтөлбөр ямар байх ёстойг хуульчилж өгөхөөс өөр арга одоогоор алга.

Харамсалтай нь хугацаа өнгөрөх тусам сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдах найдвар улам бүр багассаар байгаа талаар Сонгуулийн тухай хуулийн хоёр төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажлын хэсгийг ахалсан Су.Батболд гишүүнээс эхлээд уван цуван дуугарах боллоо. Энэ хуулийг гэдэс доторгүй мэдэх хүн ийнхүү эргэлзэж байгааг харвал үнэхээр найдвар багассаар буй бололтой.

Гэхдээ хуулийн төслийг гацаагаад буй ганц хүчин зүйл нь улс төрийн намууд өөрсдөө. Шалтгаан нь сонгогчид бус, өөрсдөдөө ашигтай тоглоомын дүрмийг батлах явдал. Магадгүй гацаасаар байгаад мажоритар хэвээр дахин нэг сонгууль явуулж, дахин нэг долдугаар сарын 1-нийг хүлээж буй хэсэг ч бий байх.

Эдгээр эрх ашиг л хуулийн төслийг урагш алхахад чөдөр болж буй. Хуулийн төслийн санал хураахтай холбогдсон зүйл заалтаас бусад дээр бол намууд үндсэндээ санал нэгдээд байгаа. Санал нэгдсэн заалтуудад эдгээр нам, улс төрчдийнхөөс бусдынх нь эрх ашиг бий. Үүний нэг нь мэдээж амлалт буюу мөрийн хөтөлбөр. 

Эхлээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, З.Энхболд, Д.Одбаяр, С.Оюун нар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир, Д.Кёкүшюзан Батбаяр нар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын бас нэг төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад мөн л өргөн барьсан.

Эдгээр хуулийн төслүүдэд сонгуулиар амлалт өгөхийг хязгаарласан зохицуулалт хийснээс нь харвал аль аль нь өнгөрсөн сонгуулийн будлиан, өнөөгийн эдийн засаг учруулж буй уршгаасаа сургамж авсан байх гэх сэтгэл төрүүлдэг.

Хуулийн төсөлд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бэлэн мөнгө амлахыг хориглосон заалт оруулжээ. Дээр нь тухайн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой эсэхэд хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх санааг ч бас тусгаж.

Хуулиар сонгогчдыг мөнгөөр татах, санал худалдаж авахтай холбоотой асуудлуудын хариуцлагыг чангатгаж, илрэл бүртэй тэмцэх оролдлогыг хийсэн аж. Ийм хууль зүйн хязгаарлалтуудыг хийхдээ “хэрэв сонгогчдод мөнгө тарааж, санал худалдаж авахыг оролдсон бол нэр дэвшигчийг эргүүлэн татах, сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасах хүртэл хариуцлага тооцох” заалтуудыг тусгаж өгсөн байх юм.  Үүнийг нь багцалж хэлбэл, сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн амлалт авахыг хориглохоор болжээ.

Хэрэв өмнөх сонгуулиар мөрийн хөтөлбөрөөр бэлэн мөнгө амлахыг хориглочихсон байсан бол “Амласан юм чинь ямар ч хамаагүй аргаар биелүүлнэ” хэмээн улсын эдийн засгийг, хүмүүсийн сэтгэхүйг ийнхүү сүйтгэхгүй байсан. Ямар ч эдийн засагч Монголын эдийн засагт нөлөөлж буй бэлэн мөнгө тараах улс төрийн дээрх шийдвэрийг “хорлон сүйтгэгчийн үйлдэл” гэдгийг харчихаж чадна.    
Гэвч 2008 оны сонгуулийн мөнгөн амлалт дараагийн сонгуульд ч уршгаа дагуулах бололтой. “Мөнгө өгнө” гэж сонгогдсон болохоор гишүүд “мөнгө өгөө биз дээ” гээд сонгуульд орно. Манай намын мөрийн хөтөлбөр 90 хувь биелсэн энэ тэр гээд том тоонуудыг зарлах болно. Хэрэв энэ хэвээр ирэх сонгуулийг угтвал сонгуулиас, “диваажинд амьдруулах” мөрийн хөтөлбөрөөс иргэд юуг ч хүлээх хэрэггүй. Яагаад гэвэл тэд энэ удаа “тосгоныхныг” цатгаж чадаагүй биз дээ. Цатгахын тулд тэгвэл дээрх цэргүүд шиг алхам алхамаар, нэг нэгээр саналаа нэмэрлэж, иргэдэд ч, эрх баригчдад ч, хамгийн гол нь улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх сонгуулийн зөв тогтолцоо, эерэг өөрчлөлтөд хүчээ нэмэх  хэрэгтэй болж байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж