
-Хяналт шалгалт хаанаас эхлэв?
-Төв аймгийн Борнуур сумаас эхэлж, Сүмбэр, Жаргалант сумдад ажиллаад, яг одоо Сэлэнгэ аймгийн Баруунхараад ажиллаж байна. Тухайн орон нутагт мөнгөн ус, химийн хортой бодисын хэрэглээ байгаа эсэхийг тогтоох, уурхайн хууль бус шламуудыг зогсоох, өнгөрсөн жилд хийсэн үзлэг шалгалтын үр дүн ямар байгаад хяналт тавьж байгаа юм.
-Шалгалтын явцад Борнуур сумын нутагт нэгэн аж ахуйн нэгжээс мөнгөн ус илэрсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Төв аймгийн Борнуур сумын II багийн нутаг дэвсгэр дэх хувиараа алт олборлогчдын алтыг угаадаг “ХАМО” компанийн байранд хадгалж байсан 0.86 кг мөнгөн усыг илрүүлсэн. Тус компанийн лаборатори дотор хэд хэдэн газраас дээж авч шинжлэхэд мөнгөн усны найрлага байгаа нь тогтоогдсон. Мөн гадна хогийн саван дотор мөнгөлөг бөмбөлгүүд хаягдсан байсныг шинжилсэн. Ажлын хэсэг дээж авч, тусгай багажаар хэмжилт хийснээр мөнгөн ус мөн болохыг тогтоож, цагдаагийн газрын төлөөлөл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “ХАМО” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Үзлэг шалгалтаар өөр бусад зөрчлүүд гарч байна. Тухайлбал, Төв аймгийн Жаргалант суманд чулуу буталж тээрэмддэг тээрмийг хурааж, лацадлаа.
-Сэлэнгэ аймгийн Түнхэлд хүн, мал химийн хорт бодис алдагдсанаас болж хордоод байна гэсэн мэдээлэл урьд өмнө нь яригдаж байсан. Тус газраар шалгалт хийх үү?
-Яг тэр газраар чинь очно. Өмнөх шалгалтаар Түнхэлд очиж, үзлэг шалгалт хийж, хөрс, уснаас нь дээж авч, шинжлэхэд мөнгөн ус биш, хүнцэл гэж бодис илэрсэн. Гэхдээ мөнгөн уснаас өөрцгүй хүний бие эрхтнийг гэмтээх шинж чанартай бодис шүү дээ. Ажлын хэсэг энэ долоо хоногт орон нутагт ажиллаад, ирэх долоо хоногт ажлын тайланг салбарын удирдлагуудад танилцуулах байх. Албан ёсны нэгдсэн дүн гарсны дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө дөө.