Кондуктор зорчигчийнхоо аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Кондуктор зорчигчийнхоо аминд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны эцсийн зогсоол Жанцангийн  буудлын хавьцаа  золгүй байдлаар нэгэн эрэгтэй эндсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсгийнхэн өчигдөр 11.50 цагийн үед очиход хэрэг болсон газарт нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Тэндэхийн оршигч суугч бололтой 20 гаруй насны эмэгтэйгээс лавлахад, хориод  алхмын зайд  байрлах “Баярлалаа” гэдэг нэртэй  хүнсний дэлгүүрийг зааж “Тэр хавьцаа нэг эрэгтэйг  автобуснаас  унасан гэж дуулсан. Тэгээд тархинаасаа их хэмжээний цус алдаад нас барсан гэнэ лээ ” гэв. Дээрх бүсгүйн зааж өгсөн газарт  очиход автобусны зогсоолын  ойролцоо эвдэрсэн засмал замын нэгээхэн хэсэгт хааш хаашаагаа  50 см хэртэй зуувин  хэлбэртэй цусны толбо харагдана. Тэрхүү цусны толботой газар нөгөөх эрэгтэй  уржигдар нас барсан бололтой.
СХД-ийн VII хорооны  цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Лхавгадоржтой  уулзаж ослын талаархи  алба ёсны мэдээллийг авсан юм.

-Танай Баянхошууны нутаг дэвсгэрт өчигдөр орой / уржигдар/ автобуснаас хүн унаж нас барсан гэсэн мэдээллийн дагуу ирлээ?
-Манай дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Жанцангийн зогсоолд энэ сарын 14-ний орой 19.00 цагийн орчим нас барсан хүн байна гэсэн дуудлагын дагуу  цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж ажилласан. Иргэдээс ирсэн дуудлагын дагуу очиход 53 настай эрэгтэй дагзаараа унасан байдалтай нас барсан байсан. Хэргийн газарт очсон  мөрдөн байцаагч үзлэг хийж одоогоор сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нас барсан эрэгтэй тухайн үед согтуугаар  “Тэнүүн-Огоо” ХХК-ны автобусанд суух гэтэл кондуктор нь суулгахгүй гээд түлхсэн гэх мэдээллийг зарим иргэд өгч байгаа. Одоогоор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч болон кондуктор эрэгтэйг саатуулан шалгаж байна.

– Кондуктор эрэгтэй талийгаачийг согтуу үйлчлүүллээ гэж загнаж автобусны хаалгаар түлхэж унагаасан гэсэн мэдээлэл та бүхэнд байгаа юм байна. Кондуктор эрэгтэй мөрдөн байцаалтын явцад ямар мэдүүлэг өгч байх юм?

-Сэжигтэн эрэгтэй  талийгаачийг автобусны хаалгаар түлхэж унагаагүй, өөрөө хойшоо саваад уначихсан гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Гэхдээ тэр  хавийн хүмүүс дээрх эрэгтэйг автобусны хаалгаар түлхсэн  хүн бол кондуктор эрэгтэй гэж ярьдаг юм. Одоогоор хэргийг манай /Сонгинохайрхан/ дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

-Автобусаар  үйлчлүүлэхдээ амь насаа алдсан тохиолдол өмнө нь  гарч байв уу?
-Кондукторууд бол ёс зүйн хувьд маш доголдолтой. Согтуу хөлчүү хүмүүсийг мөнгөө төлөхгүй байна гэх нэрээр танхайрах, биед нь халдах тохиолдол цөөнгүй бий. Яг зорчигч руу кондуктор халдаж, улмаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Зам тээврийн осол бол маш их гардаг л даа.

Автобусны кондуктор  нударга зөрүүлэх нь цөөнгүй

Энэ тэрүүгээр хөлчүү залуус хөлхөлдөж, зарим нь автобусны зогсоолын ойролцоо шороотой хутгалдан газар хэвтсэн харагдана. Тэрхүү зогсоолд хэд хэдэн микро үйлчлүүлэгчдээ хүлээн кондукторууд нь орилж зогсоно лээ. Баянхошуунаас хотын зүг явахаар унаа хүлээн зогсох зорчигч М.Алтанцоож гэх эмэгтэй  уржигдрын ослыг нүдээр үзсэн тухайгаа ярилаа. Түүний хэлснээр, уржигдар Зүүн салаа-Зурагтын  чиглэлийн автобус Жанцангийн буудалд ирээд зогсоход нь настайвтар эрэгтэй нэлээд согтуу автобусанд суух гэсэн байна.  Гэтэл  нөгөөх согтуу эрэгтэйг өөдөөс нь кондуктор эрэгтэй маш хүчтэй түлхэж унагаачихаад явчихсан гэнэ. Эмэгтэйг нэг харахад нөгөө эрэгтэйн   толгойн хэсэг  нилийсэн цус болж,  хүмүүс ч түргэн тусламж дуудсан байна. Харин  эмч ирэхээс өмнө осолд өртсөн эрэгтэй нас баржээ. Ер нь М.Алтанцоожын ярихаар тэр хавиар согтуу хүмүүс олон. Тэд халамцуу том жижиг оврын автобусны жолооч,  кондуктортой муудалцаж нударга зөрүүлэх нь энүүхэнд байдаг аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж