Хүний эрхийг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хүний эрхийг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2011-2012 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багц болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

59 зорилтын хүрээнд хийгдэх 124 арга хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд, орон нутгийн захиргааны байгууллага зохион байгуулах бол төрийн бус байгууллагууд хяналт тавьж хамтран ажиллах юм.

2011 оны Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулж нийгэм, соёл, эдийн засгийн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түлхүү тусгасан байна.

Наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг өөрчилнө
Энэ жил Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байгаа. Баяр наадмын арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулах, ард иргэдийн ая тухтай наадамлах боломж бүрдүүлэх, баяр наадмын үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулахад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд холбогдох байгууллагаас төлөөлөл оролцуулах шаардлага бий болжээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Түүхийн ухааны хүрээлэнгийн захирал, Шадар сайдын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргааны хэлтсийн дарга нарыг хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар боллоо.

Хэрэгжилт 81.4 хувьтай байна
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2010 оны 4 дүгээр улирлын дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, биелэлтийг тогтоосон хугацаанд нь бодитойгоор  тайлагнах, 2010 оны 4 дүгээр улирлын байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    2010 оны 4 дүгээр улиралд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг хяналтад авсан 4544 шийдвэрийн 6723 заалт / давхардсан тоогоор/-ын биелэлт 81,5 хувьтай байна.

Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 128 шийдвэрийн 215 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авснаас 46 заалт буюу 21,4 хувь нь биелжээ. 160 заалт буюу 74,5 хувь нь хэрэгжих шатанд, 7 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 7 арга хэмжээ тасарсан болон хэрэгжилтийн явц нь удаашралтай байна.

2010 оны 4 дүгээр улиралд Засгийн газрын 4416 шийдвэрийн 6508 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авсны дүнд 2833 заалт буюу 43,5 хувь нь биелж, 3599 заалт буюу 55,3 хувь хэрэгжих шатандаа, биелэлтийг тооцох хугацаа болоогүй 55 арга хэмжээ байна. Нийт заалтын 0,33 хувь буюу 21 арга хэмжээ тасарсны 80,9 хувь нь ажлын зохион байгуулалт хангалтгүй байсантай холбоотой байжээ. 

ТОВЧХОН
Улсын Их Хурлын нэр бүхий 15 гишүүний санаачлан боловсруулсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гарсан саналыг хууль санаачлагчдад уламжлахаар болов.

2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо болсон Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын Хамтарсан комиссын анхдугаар хуралдааны дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшаалаа. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Т.Бадамжунайд даалгав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахыг дэмжиж, зарчмын хувьд зүйтэй гэж үзлээ. Хэлэлцээр байгуулснаар хоёр орны хоорондын агаарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарах бөгөөд ялангуяа агаарын шууд болон дамжин өнгөрөх нислэгийн эрх зүйн зохицуулалт бүрдэх юм байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж