Засгийн газар бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Засгийн газар бонд гаргана

Засгийн газрын хуралдаанаар үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэв. 

Санхүүгийнх нь эх үүсвэрийг бүрдүүлэхэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жил, 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил, 300 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 15 жилийн хугацаатай дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.

Баталгаажсан үнэт цаасны эх үүсвэрээс Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж эхлэх юм. 

Мөн хуралдаанаас Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд үнэтэй орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байлгах саналыг Монголбанктай хамтран  боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.  

Уг арга хэмжээг авахдаа мөнгөний бодлоготой уялдуулж хийхийг холбогдох газруудад Засгийн газрын хуралдаанаас зөвлөмж болголоо.  

    Зөвлөх компанийг шалгаруулна
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн олон улсын болон дотоодын хамтарсан хуулийн зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад “Liberty partners LLC”, ”BNP Paribas”, ”McKinsey and Company”, “Pillsbury” компанийн нэгдэл болон “Hogan Lovells”, ”GT’s advocate” консерциум оролцсон байна.
Эдгээрээс Hogan Lovells”, ”GT’s advocate” консерциум хамгийн сайн үнэлгээ авчээ. Гэхдээ дээрх компаниуд төслийн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, санхүүжилтийн бүтэц боловсруулах болон эрсдлийг хүлээх зэрэгт учир дутагдалтай  байгаа тул үүнийг  “Liberty partners LLC”, ”BNP Paribas”, ”McKinsey and Company”, “Pillsbury” компанийн нэгдэлд хариуцуулан хамтарсан баг байгуулж шийдвэрлэх боломжтой гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үзэж байна.
Төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад 4 компани өрсөлдсөнөөс техникийн босго оноог “Bechtel”, ”Worley Parsons” компани хангажээ. Нэгдсэн дүнгээр “Bechtel” компанийн санал хамгийн сайн үнэлэгдсэн учир хэлэлцээрт орж, өмнө хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний бодит үр дүнтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гараад байна.
Үнэлгээ дуусч, шалгарсан компаниудтай гэрээ байгуулах ажил эхэлж байгаатай холбогдуулан талууд санхүүжилтийн хэлэлцээрт орно. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол удаах оноо авсан зөвлөх компанитай хэлэлцээ хийж  тендерийн хүчинтэй байх хугацаанд /2011.03.26/ зөвлөхүүдийг сонгон шалгаруулна.
   
    Улсын тэргүүний сумдыг шалгарууллаа
Улсын тэргүүний /загвар/ сумаар Булган аймгийн Сэлэнгэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Дарви сумыг шалгаруулж тус бүр гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 193 дугаар тогтоолын дагуу “Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзол” баталж, 2 жил тутам бүс бүрээс 1 сум шалгаруулахаар болсон юм.

    Энэ дагуу бүсийн зөвлөлүүд бүсээсээ 1 сумыг шалгаруулахаар материалаа ирүүлсэн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд сумдын ажилтай газар дээр танилцаж, дүгнэлт өгчээ. 

Орон нутгийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаатай уялдуулах зорилгоор ирэх онд “Улсын тэргүүний сум” шалгаруулж, цаашид 2 жил тутам шалгаруулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасан байна.

Айлчлалын мөрөөр хийсэн ажилтай танилцав
“Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын орон нутагт ажилласан мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Ерөнхий сайд орон нутагт ажиллаад ирснийхээ дараа иргэдээс гарсан саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хийх ажлын төлөвлөгөөг батласан юм.

99 заалт бүхий ажлын 70 нь буюу 93,9 хувь нь хэрэгжсэн бөгөөд 2011 оны төсөвт тусгагдан, санхүүжилт нь ямар нэг байдлаар шийдэгджээ. 23 заалтыг  хэрэгжүүлэхээр судлаж, төсвийн тодотгол, гадаадын төсөл, хөтөлбөр, бусад санхүүжилтийн эх үүсвэрт хамруулахыг зорьж байгаа бол 6 асуудал огт хэрэгжээгүй, төсөвт тусгагдаагүй байна. 

Өлгий хотод хүүхэд, залуучуудын парк шинээр байгуулах, Завхан аймгийн төвийн гэр хорооллын 2.5 км замыг засварлах хөрөнгийн эх үүсвэр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цэвэр, бохир усны нэгдсэн системийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутагт бэлчээр сайжруулах экологийн туршилт, судалгааны төв байгуулах, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн барилгыг төсвийн хөрөнгөөр шинээр барих, Дархан-Уул аймгийн Орхон сумын төвөөс Улаанбаатар-Сэлэнгийн төмөр зам хүртэл 7 км хатуу хучилттай зам барих зэрэгт анхаарах хэрэгтэй байна.

Хуралдаанаар энэ талаар хэлэлцэн хэрэгжээгүй болон хэрэгжих шатандаа байгаа удаашралтай ажилд анхаарч, ирэх оны төсөвт тусгах, бусад эх үүсвэрт хамруулах зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж