Элчин сайдууд итгэмжлэх жуухаа барилаа

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Элчин сайдууд итгэмжлэх жуухаа барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Узбекистан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алишер Салахитдинов, Итали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аттилио Массимо Ианнуччи, Малайз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Датук Искандар Бин Сарудин, Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркус Эдерер нар итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив. 

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Элчин сайд нарыг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.  

Өнгөрсөн жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Ташкентэд Ерөнхийлөгч Каримовтой уулзан Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн өсгөн нэмэгдүүлэх талаар санал солилцсон. Монгол, Узбекистан хоёр улс бол эртний харилцаатай. Тиймээс түүхээ хамтран судлах, эрдэмтэд солилцох, соёлын харилцааг гүнзгийрүүлэх шаардлагатайг дурьдаад  Узбекистаны Ерөнхийлөгч Монголд энэ онд айлчилна гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхийлөгч Элчин сайдад хэлэв. 

            Монгол, Узбекистан улс бага хэмжээний худалдаа хийдэг. 2008 онд манайд Узбекистаны 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт үйлчилгээний зориулалттайгаар бүртгэгдсэн байна. 2011 онд Узбекистаны Ерөнхийлөгчийг Монголд айлчлуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэх, бизнес уулзалтыг зохиох, фермерийн аж ахуйн туршлага судлах, аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг хайх, оюутан сургах, түүхийн дурсгал, эд зүйлсийг хамтран судлах талаар хоёр тал ярилцаж байгаа юм.

             Дэлхийн том 8-ын нэг Итали Улстай хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, урлаг соёлын салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо Ерөнхийлөгч илэрхийлээд энэ онд багтаан Итали Улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийг айлчлуулах урилгаа  нотолсонд Ерөнхийлөгч талархав. Мөн энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж Элчин сайдад хэлэв.   
Манай улс 1973 оноос эхлэн Италийн компаниудтай худалдаа хийж эхэлсэн. Италиас гол төлөв тоног төхөөрөмж, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хүнс, гутал, хувцас худалдан авч арьс шир, ноос ноолуур гаргаж ирэв. Итали Улсаас манай улсад нийт 44 компанийн 15,212,65 сая ам долларын хөрөнгө оруулалт худалдаа, нийтийн хоол,  хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэр, аялал жуулчлал, эрүүл мэнд, банк санхүү, барилгын салбарт бүртгэгдсэн байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Футура Эволюшион” /банк, санхүүгийн үйл ажиллагаа/, “Булигаар” /арьс ширний үйлдвэр/, “Футура фэйшин” /оёдол, гутлын үйлдвэрлэл/ зэргийг нэрлэж болно.  

Монгол, Малайзын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. Үүнд саад болж буй нэг асуудал бий. Тухайлбал  манай иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хуулийн дагуу, шударгаар, ойрын хугацаанд шийдэж өгөхийг монголын олон нийт, төр засаг хүсч байна гэж Ерөнхийлөгч Элчин сайдад онцлон тэмдэглэж хэллээ.  
Монгол Улс, Малайзын Холбооны Улсын хооронд 1971 онд дипломат харилцаа тогтоожээ. Манай геологи, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, худалдаа, нийтийн хоол, банк санхүүгийн салбарт нийт 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.  

Ерөнхийлөгч Европын Холбоог Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд чухал байр эзэлдэг, гуравдагч хөрш хэмээгээд энэ онд багтаан Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулах нь  хоёр талын харилцаанд чухлыг дурьдлаа. Мөн Европын Холбооны стандартыг Монголд бий болгоход болон боловсролын, нэн ялангуяа мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг Ерөнхийлөгч санал болгов.  
            1990 оноос хойш Европын Холбооны 25 орноос Монгол Улсад 596 гаруй аж ахуйн нэгжийн нийт 199.2  сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгджээ. Үүнээс Их Британи (50,6 сая ам.дол), Болгар (30.8 сая ам.дол), ХБНГУ (26.7 сая ам.дол), Франц  (15.5 сая ам.дол), Итали (14.7 сая ам.дол), Португал (13.5 сая ам.дол), Нидерланд (11.3 сая ам.дол), Люксембург (8.9 сая ам.дол), Кипр (7.6 сая ам.дол), Чех (6.3 сая ам.дол), Бельги (5.1 сая ам.дол) улс  тэргүүлж байна.
Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж