Аюултай ачааг хотоос гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Аюултай ачааг хотоос гаргана

Өнгөрсөн бямба гаригт хотын удирдлагууд төмөр зам дагуух нөхцөл байдалтай танилцах үедээ аюултай хор бүхий ачааг хотоос гаргах тухайгаа дуулгалаа. Хотын дарга өнөөдөр гааль, татвар, мэргэжлийн хяналын ерөнхий газар болон төмөр замын удирдлагуудтай энэ асуудлаар биечлэн уулзлаа.  Тус уулзалтын үеэр “Эхний ээлжинд иргэдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарах үүднээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дундуур тээвэрлэж, улмаар хот дотор хадгалж байгаа аюултай, хортой ачааг нэгдсэн хяналтанд оруулж,  журамлах хэрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Судалгаанаас харвал 432 төрлийн химийн бодис импортлож ашиглах тусгай зөвшөөрөлтэй 213 аж ахуй нэгж, 13 нэр төрлийн  тэсэрч дэлбэрэх бодисыг импортоор оруулж ирдэг 7 аж ахуйн нэгж байдаг юм байна.  Тэд эдгээр хортой, аюултай бодисуудыг төмөр замаар тээвэрлэж, Толгойт болон Хонхорт буулгаж, хадгалж, сэлгэн ачилт хийж байна.  Иймд Толгойт, Хонхорт биш Багахангайд шинэ терминал байгуулж болно” гэж Хотын дарга хэлж байсан юм.  Тус уулзалтанд оролцсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрууд ч энэ асуудал дээр санал нэгтэй байлаа. Хэрэвзээ уул уурхайн салбарт ашиглагдах шатах, дэлбэрэх, уусгах бодисуудыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүн ам шигүү суурьшсан бүсэд хадгалвал тун аюултай.  Түүгээр зогсохгүй олон  улсын тээвэрлэлт,  хадгалалтын үйл ажиллагаанд хориглодог тул Улаанбаатарын бүсээс гаргаж тухайн бодис материалыг захиалан хүлээн авагч хэрэглэгч байгуулагуудтай ойр байршил бүхий газар хадгалалт, сэлгэлт, тээвэрлэлтийг гүйцэтгэх ёстой гэж хотын удирдлагууд үзэж байна.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж