Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Монгол Жюль Верн

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг намрын чуулганы завсарлагаа­наар хувийн ажлаар Япон руу ухасхийсэн биш Монголд “од” болов. Тэрбээр хүчтэй газар хөдлөлтийн гэрч болсноороо парламентын гишүүдээс анхдагч болж тодров. Арлын оронд суу алдраа дуурсгасан сумогийн Их аварга Д.Дагвадорж, одоо парламентад тохой залган суугаа Кёкүшюүзан Д.Батбаяр, Л.Гантөмөр гээд тэнд олон жил амьдарч, “японжсон” хүмүүс ч түүнд атаархаж байна. Хэсэг хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг ч Японд сурч, амьдарч байсан. Гэхдээ яг ийм томоохон үйл явдлыг нүдээр үзэж, аймшигтайг нь биеэр мэдэрч байгаагүй гэсэн. Тиймээс түүхийн нэгэн хуудсын гэрч боллоо, тэр. Ямартаа л “Эхлээд сууж явсан машины дугуй хагарлаа л гэж бодсон. Харин дахиад сэгсрэхэд нь л газар хөдөлж байгааг ойлгосон.” гэж Монголд ирснийхээ дараа хэвлэлийнхэнд ярьж байх вэ дээ. Монголд өдөр болгон байтугай, жилдээ ч ганц удаа газар чичирхийлдэггүй  болохоор хэн ч гэсэн түүн шиг л гайхширна. Аргагүй л монгол хүний амнаас гарах үг. Эзгүй хээр явж байхад дугуй хага үсэрдэг шиг л санасан биз. Гэтэл хөгжилтэй орны хурдны зам дээр юу таарч дугуйг нь хагалах вэ дээ. Нөгөө талаас гамшгийн байдал харьцангуй намжсан хойно түүний сууж явсан машин ингэж сэгсчүүлсэн гээд бодохоор эхний өдрийн газар хөдлөлтийн савалгаа ямархуу байсан нь ойлгомжтой. Ямартай ч адал явдлаар дүүрэн, дурсгалтай нэгэн аялал Ц.Сэдванчиг гишүүнд  энэ удаа тохиолдов. Тэр ч байтугай парламент дахь андууд нь түүнийг монгол Жюль Верн хэмээн өхөөрдсөн гэнэ билээ. УИХ-ын гишүүн Л.Гүндалай гурван жилийн өмнө нутагтаа амарч байгаад Хөвсгөл далайд төөрч улс даяар шуугиан тарьж байв. Бас  өнгөрсөн зун Ч.Улаан гишүүн голын эрэгт нарлаж байхдаа  тохиолдлоор  нэгэн гэр бүлийг уснаас аварч байсан удаатай. Өөр нэг явган шог гадуур тархсан байна. Тэр нь, “Сүүлийн үед чуулганы танхимд ч, бүлгийн хуралд ч дуугүй суухаа байсан Ц.Сэдванчигийг  цунами ч дарж чадахгүй нь” гэсэн онигоо маягийн яриа юм.               

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж