Биржийн арилжааны шимтгэл хэт өндөр байна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Биржийн арилжааны шимтгэл хэт өндөр байна

Монголын том компаниуд хувьцаагаа гаргах боломж хязгаарлагдмал

Монголын хөрөнгийн биржийн Гvйцэтгэх захирлын vvрэг гvйцэтгэгч Хангайн Алтайтай өнөөгийн хөрөнгийн биржийг тойрсон өөрчлөлт, шинэчлэлт, хөрөнгийн зах зээлийн талаар ярилцлаа.

-Монголын хөрөнгийн биржийн гvйцэтгэх захирлын vvрэг гvйцэтгэгчээр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Х.Алтай гэж хэн бэ, урьд нь аль салбарт ажиллаж байв?

-Уул уурхайн чиглэлээр Швейцарьт нэг хэсэг ажиллаж байлаа. Дараа нь “Бороо гоулд” компанийн Засгийн газартай харилцах албанд ажиллаж байгаад Ерөнхий сайд асан С.Баяр даргын шадар туслах болсон. Одоо хөрөнгийн биржийн гvйцэтгэх захирлын vvрэг гvйцэтгэгч.

-Орост сургууль төгссөн бил vv?

-Vгvй ээ. Монголдоо, Оросын холбооны Элчин сайдын яамны дэргэдэх 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Хуучнаар орос 14 дvгээр сургууль.

-Таныг Элчин сайд Хангайн хvv, аавын нэр албан тушаалын шатаар өгсөж байна гэлцдэг?

-Эх, эцэг маань намайг хvний дайтай хvн болгож, би гэдэг хvн өдий дайтай явж байна.

-Одоо хөрөнгийн зах зээлийнхээ талаар ярья. Монголын хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд хvрч хөгжихөд юу нөлөөлөх бол оо?

-Бидний vйл ажиллагаанаас л шалтгаална. Байгалийн баялагтаа тулгуурлаад маш том хөрөнгийн зах зээлтэй болох боломж бий.

-Хувьцаа, хөрөнгийн биржийн зах зээлийг барууныхтай харьцуулбал манайх цоо шинэ. Энэ зах зээлийн тухай ойлголтыг иргэдэд хэрхэн тvгээж байна вэ?

-Одоо л хөрөнгийн зах идэвхжих хандлага ажиглагдаж байна. Гэхдээ иргэдийн дунд хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий ойлголт тааруухан. Иргэдээс гадна оролцогч байгууллагууд энэ чиглэлийн мэдээллээр дутмаг байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлvvлэх, хууль эрхзvйн орчинг сайжруулах алхам хийх шаардлагатай. Мөн vнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн систем өнөөгийн байдал маань том хөрөнгө орж ирэхэд саад болж байна.

-Өнгөрсөн 20 жилд хөрөнгийн зах зээл хөгжиж чадсан уу?

-Анх хөрөнгийн бирж их хувьчлалыг явуулах зорилгоор байгуулагдаж байсан. Энэ vvргээ ч тодорхой хэмжээнд гvйцэтгэсэн. Дотоодын хөрөнгийн зах өргөжсөн. Гэхдээ өнөөдөр хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа vvргээ гvйцэтгэж чадахгvй байна. Сvvлийн жилvvдэд дотоодын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгийн эх vvсвэрээ татаж vйл ажиллагаагаа өргөжvvлсэн, эхлvvлсэн компани, бизнес төслvvд гараагvй. Хөгжлийн гол vзvvлэлтийг vvгээр харж болох юм. Сvvлийн vед дэлхийн томоохон хөрөнгийн биржид бvртгэлтэй Монголд уул уурхайн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах хvсэлтээ тавьж эхэлсэн. Гэвч бид дээр дурдсан тодорхой шалтгаануудаас болж тэдгээр компанийн хувьцааг бирж дээрээ арилжиж чадахгvй л байна. Гэхдээ удахгvй энэ боломж маань нээлттэй болно гэдэгт итгэлтэй байна.

-Хөрөнгийн захад хууль эрх зvйн орчин хэр таатай байдаг вэ?

-Хууль эрх зvй, дvрэм журмуудаа олон улсын стандартад хvргэх шаардлагатай байгаа. Арилжаа, vнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн vйлчилгээ манайд хоцрогдсон мөн өртөг нь маш өндөр байна. Эдгээр нь зах зээл тэлэхэд, хөрөнгө оруулалт татахад саад болж байна. Vнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар болсон, хуулийн төсөл одоогоор яамдын төвшинд санал авах, боловсруулалтын шатанд байна. Дотоодын хөрөнгө оруулагч гэдэг ойлголт алга. Гэхдээ миний сонссоноор Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн төсөл санаачлагдан боловсруулагдаж байгаа гэсэн. Манай хөрөнгийн зах зээлд гаргах бvтээгдэхvvн байна. Тухайлбал, томоохон биржvvд дээр бvртгэлтэй компаниуд тvvнчлэн дотоодын томоохон компани маань ч гэсэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нэмэлт эх vvсвэр босгох, өргөжин тэлэх сонирхолтой байна. Нөгөөтэйгvvр гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгийн захаар дамжин хувьцаа авах сонирхол маш их. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн системд маань тэдгээрийг сул чөлөөтэй зах зээлд нэвтрvvлэх эрхзvйн орчин, механизм хангалтгvй. Тиймээс энэ салбарт хийх ажил маш их байна. Боломж ч бий.

-Брокер диллерийн компанийн vйл ажиллагаа нь хэр чадавхижиж байна вэ?

-Биржид бvртгэлтэй 46 брокер диллерийн компани байна. Саяхнаас банкууд хөрөнгийн зах зээлд оролцох хууль эрх зvйн орчин нээлттэй болсон. Зарим нь тvрvvчээсээ орж ирэх нь. Энэ нь гишvvн байгууллагуудыг чанаржуулах процессыг эхлvvлэх байх.

-Таны харж байгаагаар хөрөнгийн зах зээлээ өргөжvvлэхэд ямар алхам хийвэл зөвдөх вэ?

-Хөрөнгийн зах тэлэхэд зайлшгvй шаардлагатай зvйл гэвэл хөрөнгө оруулагч, даатгалын, хөрөнгө оруулалтын сан байх хэрэгтэй. Хөгжингvй хөрөнгийн зах зээлтэй болох боломж нээгдчих-сэн байхад хөрөнгө оруулалтын сангийн хууль одоо л яригдах төвшиндөө байдаг. Хөрөнгийн зах зээл тухайн улсын хөгжлийн хамгийн том суурь нь байдаг. Өнөөдрийн цаг vетэйгээ холбож vзвэл Лондонгийн хөрөнгийн биржтэй манайх стратегийн тvншлэлд орж байгаа маань хамгийн зөв алхам болж байна.

-Манай хөрөнгийн биржид албан ёсоор хэчнээн компанийн хувьцаа байршиж байна, тэдгээрээс хэд нь тогтмол арилжаалагддаг вэ?

-Биржид бvртгэлтэй 336 компани бий. Эдгээрээс 30-40 компанийн хувьцаа өдөрт тогтмол арилжаалагддаг. Бусад нь огт идэвхгvй.
 
-Идэвхгvй байгаа компанийг хасч болдоггvй юм уу?

-Санхvvгийн зохицуулах хороотой хамтарч хасах талаар ярилцаж байна. Хувьцаа нь арилжаалагдахгvй компаниас 100 хувь төрийн өмчит компани ч бий.

-Хувь нийлvvлэгчийн хурлаа байнга хийдэг, ногдол ашгаа тогтмол тараадаг ямар компани байдаг вэ?

-Ногдол ашгаа тараадаг, хувь нийлvvлэгчдийн хурлаа тогтмол хийдэг компани “Атар өргөө”, “Улаанбаатар зочид буудал”, “Женко тур бюро” компани байна.

-Дотоодын хөрөнгийн захад шинэ тоглогчид төрж байна уу?

-Монгол Улс асар их эрдэс баялагтай vvгээрээ ч дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын хувьд зөвхөн сонирхож байгаа газар биш тэдний сонирхлын төвд нь байна. Хөрөнгө оруулалтыг татах боломж нь хөрөнгийн зах зээл. Гэтэл манай хөрөнгийн зах зээлд өнөөдөр олон улсын хөрөнгийн биржvvд дээр арилжаалагдаж байгаа компаниудын хувьцааны нэг нь ч алга. Биржид бvртгэлтэй байгаа компаниудын дотор Монголын том компаниуд байхгvй. Хувьцаагаа гаргах боломж нь хязгаарлагдмал байна.

-Тэд биржийг тоосонгvй юу, аль эсвэл тэднийг хөрөнгийн бирж vргээчихэв vv?

-Хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, өртөг өндөр байна. Биржийн арилжааны шимтгэл өндөр байдаг. Хувьцаа худалдаж авахад нийт 100 төгрөг тутамд 2-4 төгрөг нь шимтгэлд явж байна. Шимтгэлийг хөрөнгийн бирж, төлбөр тооцооны төв, брокер диллерийн компани авч байгаа. Энэ нь том хэмжээний гvйлгээ хийхэд хvндрэлтэй буюу алдагдал хvлээх талтай.

-Лондонгийн хөрөнгийн бирж ирэх дөрөвдvгээр сард Монголд ирэх сурагтай. Энэ талаар таныг албан ёсны мэдээлэл өгөх байх гэж найдаж байна?

-Лондонгийн хөрөнгийн биржтэй Төрийн өмчийн хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард стратегийн тvншлэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу ирэх дөрөвдvгээр сарын 20-ны дотор багтаж “Master service agreement буюу хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулах юм. Одоогоор бид энэхvv гэрээн дээр л ажиллаж байна. Заавал дөрөвдvгээр сар гэлтгvй, наана нь ирvvлэхээр зорьж байгаа.

-Лондонгийн биржээс Монголын хөрөнгийн бирж, монголчууд олон зvйлийг хvлээж байна. Итгэж байгаа. Лондонгийн хөрөнгийн бирж ямар ямар ажлыг хийх вэ?

-Зах зээлийн механизм, төлбөр тооцооны систем, бvртгэлтэй байгаа компаниудын стандартыг ханган сайжруулахад тодорхой алхам хийнэ. Лондонгийн хөрөнгийн биржээс манайд ирж ажиллах баг манай биржийг хамтран удирдахаас гадна тэднээс бид хууль эрхзvйн орчинд ямар шинэчлэлт хийх, зохицуулалтын орчинд ямар өөрчлөлт оруулах тухай зөвлөгөө авах юм. Орчин vеийн арилжаа, төлбөр тооцооны программ хангамжийг манайд нэвтрvvлэх, мэргэжилтнvvдийг маань сургах зэрэг маш өргөн хvрээтэй хамтын ажиллагаа болох юм. Лондонгийн хөрөнгийн бирж нь Монголын хөрөнгийн биржийг Ази дахь стратегийн тvншээ гэж зарласан.

-Лондонгийн хөрөнгийн бирж Торонтогийн хөрөнгийн биржтэй нэгдсэн. Энэ нь бидэнд нэг тvншлэлийн замаар хоёр урсгалаар хөрөнгө татах боломж мөн vv. Та vvнийг юу гэж харж байгаа вэ?

-2008 онд уул уурхайн компанийн хөрөнгө босгосноороо Лондон, Торонтогийн хөрөнгийн бирж хоёулаа 20, 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байдаг. Энэ хоёр бирж дэлхийн уул уурхайн томоохон биржvvд. Эдгээр биржийн нэгдэл, vvн дээр манай хөрөнгийн бирж орсноор дэлхийн уул уурхайн биржvvдийн сvлжээнд Монгол нэгдэж байна гэсэн vг. Лондонгийн хөрөнгийн бирж Европт, Торонто Хойд Америкт, Улаанбаатар Азийн төвд байгаа. Яваандаа манай биржийн техник технологи, дэд бvтэц сайжраад, дvрэм журам боловсронгуй болоод ирэхээр манай зах зээл Лондонгийн хөрөнгийн зах зээлтэй холбогдох бололцоо vvсгэх зорилготой. Энэ зорилго биелснээр манайд бvртгэлтэй хувьцаа Европт, Хойд Америкт, Азид арилжаалагдах цонх нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, 24 цаг зогсолтгvй хувьцаа арилжаалагдах нөхцөл бvрдэх нь.

-Ямар хувьцаа авбал ашигтай байх бол. Хувьцааны хандлага хаашаа явна вэ?

-Хувьцааны тухайд биржийн зvгээс энэ хувьцаа баталгаатай, өснө гэж хэлдэггvй. Энэ төрлийн хувьцааны vнэ цаашид тогтвортой хадгалагдана гэж амладаггvй. Харин бирж дээр тухайн бvтээгдэхvvн арилжаалах шалгуурыг хангасан байвал тvvнийг оролцогчдод санал болгодог. Тиймээс хувьцааг худалдаж авч байгаа хvн эрсдлээ мэдэрч хөрөнгө оруулалт хийх нь чухал.

-Дотоодын хөрөнгө оруулагчдаа хөрөнгийн зах зээлд дэмжихгvй бол бид явахгvй нь гэсэн хандлага гараад ирлээ. Хөрөнгийн зах зээлд хамгийн vнэнч, урт хугацаанд оршин тогтнох найдвар тэд шvv дээ. Тийм vv?

-Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдаас бид их юм сурах хэрэгтэй. Бид өөрсдөө овсгоотой байх нь чухал байна. Зах зээл өөрөө асуудлаа зохицуулдаг жам ёс бий шvv дээ.

-Энэ туулай жил хөрөнгийн биржид ээлтэй он байгаасай?

-Нааштай жил байна байх аа. Барууны зах зээлд vvссэн хөрөнгийн тэр л зах зээлийг нутагшуулах гэж байна, Дэлхийн томоохон биржтэй хамтын ажиллагаа эхэлнэ. Тvvнчлэн Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа нь маш том тvлхэц болно.

-Хөрөнгийн биржийн гvйцэтгэх захирлыг хэзээ томилох вэ. Та нэг баримжаа хэлээч?

-Одоогоор Хөрөнгийн бирж маань шилжилтийн vедээ явж байна. Лондонгийн хөрөнгийн биржийн менежментийн баг ирсний дараагаар гvйцэтгэх захирлыг томилно. Тэр хvртэл нь гvйцэтгэх захирлын vvрэг гvйцэтгэгчээр ажиллана.

-Танайх Vнэт цаас төлбөр тооцооны төвтэй хэр нягт хамтран ажилладаг вэ?

-Тусдаа байгууллага. Гэхдээ зорилго бол ижил. 2003 онд Азийн хөгжлийн банкны зөвлөгөөгөөр Засгийн газрын шийдвэр гарч, Хөрөнгийн бирж, Vнэт цаас төлбөр тооцооны гэж салгаж байсан юм билээ. Харилцагчдын мөнгө эрсдэлд орж байна гэсэн асуудлаас vvдэн салгасан. Гэтэл vнэндээ энэ эрсдэл өнөөдөр хэвээрээ. Шийдэж чадаагvй явна. Харилцагчдын мөнгө хуучин төлбөр тооцоо, хадгаламжийн тогтолцоогоор явж байна. Харилцагчид арилжаанд орохоос өмнө мөнгөө төлбөр тооцооны дансанд байршуулах ёстой. Энэ систем нь хуучин эрсдэлийг багасгах систем гэж тухайн vед нэвтрvvлж байсан юм. Гэтэл өнөөдөр энэ систем дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын дvрэмтэй зөрчилдөөд эхэлж байна. Манай систем төгс биш. Тийм учраас томоохон хөрөнгийн биржvvдтэй дvрэм журмаас гадна төлбөр тооцоо нь нэг төвшинд байж чадахгvй байна даа.

-Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээл дээр нээлттэй юу?

-Хөрөнгийн биржийн шалгуур нээлттэй байх ёстой. Бид ч тийм байхыг зорьж байна.

-Залуу хvний хувьд зам урт ч байна. Улс төрд орох, УИХ-д нэр дэвших талаар боддог уу?

-Урдаа байгаа ажлаа л сайн биелvvлэхсэн гэж хvсч байна даа. Тэгж байж дараагийнхаа алхамыг харъя. Хөрөнгийн зах зээлээ хөгжvvлэх, хөрөнгийн биржийг биржийн дайтай болгох, энэ ажлаа л юуны өмнө нугалмаар байна.

Зохиогчийн эрх: “Ардчилал”сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж