Өөрийн фитнесс клубээ нээх гээд завгүй л явна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Өөрийн фитнесс клубээ нээх гээд завгүй л явна

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай аймагт СТА Бурмаа, Банзрагч, та гурав өөрсдийн  хамтарсан “Алтан үеийн аялгуу үргэлжилсээр” нэртэй уран бүтээлийн тоглолтоо тоглохоор хүрэлцэн ирээд байна. Хаана хаана тоглолтоо хийгээд ирэв?

-За баярлалаа. Нутгийн зон олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан хаваржиж байна уу. 1960, 1970,1980-аад оны нийтийн дууны оргил үеийн ард түмний сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг бидний хэдэн уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойгоороо өртөөлөн хүргэж хоёр удаа бөхийн өргөөнд тоглосон. Мөн бүх аймгуудаараа тоглоод өнөөдөр төрж өссөн нутаг Сүхбаатар аймагтаа хүрэлцэн ирээд байна. МУСТА Банзрагч 1970-аад онд ид мандаж байсан ард түмний хайртай дуучин Банзрагчын ард түмний сэтгэлд хоногшсон аав ээж, нутаг ус, байгаль дэлхийгээ магтан дуулсан аялгуут сайхан дуунуудыг дуулж байгаа бол МУСТА Бурмаа Ардын жүжигчин Түмэндэмбэрэл хэмээх агуу дуучны дууг хүргэж байгаа. Миний хувьд бол 1980-аад онд өөрийн зохиож дуулсан олон сайхан дуунуудаараа ард түмний хайрыг хүлээсэн Цэрэнчимэд агсны уран бүтээлээр оролцож байна. Манай энэ хоёр уран бүтээлч хоёулаа Увс аймгийн Тэс сумын харьяат. Тэгээд өнөөдөр нутагтаа энэ хоёр уран бүтээлчийг авч ирлээ, нутгийн зон олон маань ч маш сайхан хүлээж авч нэг тоглох байсан бол хоёр тоглохоор болчихоод сууж байна даа.

-Улаанбаатар хот болон бүх аймгуудаараа тоглоод ирлээ гэлээ. Эндээс гараад хаана очих вэ? Тоглолтын маршрут ямар байгаа вэ?

-Ерөнхийдөө баруун аймгуудад тоглоод дууссан. Сая Дорнод, Хэнтий аймгуудаар тоглоод ирлээ. Өнөөдөр шөнөдөө эндээс хөдлөөд Дорноговь, Говьсүмбэр, Өмөнөговь, Дундговь  гээд говийн хэдэн аймгуудад тоглох л үлдээд байна. Ингээд монгол орноо бүтэн тойрч дуусгачихаад хилийн чанадад амьдарч байгаа монголчууддаа очиж тоглох бодолтой л байна даа.

-Өмнө нь СТА Банзрагч та хоёр уран бүтээлийн хамтарсан тоглолт хийгээд төрөлх нутгаараа ирж байсан шүү дээ. Энэ удаад бүрэлдэхүүнд нь нэгэн сайхан эмэгтэй дуучин багтсан байна?

-Тиймээ. Өмнө нь Банзрагч бид хоёр төрсөн нутагтаа тоглолт хийгээд буцсаныг манай ард түмэн мартаагүй байх. Энэ удаа дуучин Бурмаатай анх удаа уран бүтээлээрээ хамтарч байна. Ерөнхийдөө тоглолтын маань нэрнээсээ ч харсан бид гурав ард түмний нэгэнт сэтгэлд нь хүрээд хоногшсон дуунуудыг сэргээж дуулж байгаа гэдэг утгаараа тоглолтын эхнээсээ аваад дуустал зрител маань бидэнтэй хамт дуулж найрлах байх гэж бодож байна. / инээв/
Ер нь аливаа уран бүтээлч байнга өсөж дэвжиж байх ёстой гэдэг утгаараа Цэрэнчимэд гэдэг энэ хүний уран бүтээл, алтан үеийн уран бүтээлчдийн аялгуут дуунуудыг  залуу хойч үедээ хүргэх , биднээс хойч үе ч мөн бидний адилаар уламжилж яваасай гэдэг үүднээс хамтарсан уран бүтээлээр хүргэхийг зорьж байна даа.

-Хамтарсан уран бүтээлүүдээс гадна өөрийн бие даасан уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөсөө манай уншигчдад хуваалцахгүй юу?
 
-Миний хувьд  хурдны өлгий болсон Сүхбаатар нутгийн унаган хүүхэд гэдэг утгаараа сүүлийн үед морины тухай дуунуудыг түлхүү дуулж байгаа. Миний дуулсан “Манай адуу” адуу гэдэг дуу маань ард түмний дунд нэлээд сонсох дуртай дуу нь болсон юм шиг байна лээ. Тиймээс цаашдаа энэ хурдан буянуудаа магтан дуулсан дуунуудыг улам илүү дуулах бодолтой л байна. Энэ дуугаараа нэрлэсэн морины тухай дууны CD, Улаанбаатар хотод CD-ны баяраа хийх, тоглолт гээд үзэгч түмэндээ чанартай сайн уран бүтээлийг хүргэх  гээд олон зүйлийг төлөвлөж бодож байна.

-Уран бүтээл, дуу гээд өөрийн үндсэн мэргэжил багшийн ажлаа нэлээд орхигдуулж байгаа юм шиг санагддаг. “Аварга” дээд сургуульдаа багшилж байгаа юу?

-Ерөнхийдөө багшийн ажлаа хийж амжихгүй л байна. Яагаад гэхээр уран бүтээл гэдэг завсардах нь дэмий юм байна гэдгийг ойлгосон, хоёрдугаарт нэгэнт уран бүтээлч хүн учраас аль болох чанартай зүйлийг ард түмэндээ хүргэж байхыг зорьж багшийнхаа ажлыг түр хойш нь тавиад байгаа. Гэхдээ хүний эзэмшсэн мэргэжил гэдэг утгаараа ойрын үед өөрийн фитнесс клубыг нээх гээд бас завгүй л явна. Тэгэхээр мэргэжлээ орхигдуулахгүй, хүүхэд залуучуудад гоо сайхан бие бялдар, бодибилдингийн спортыг таниулах зорилго тавин хөдөлмөрлөнө дөө.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж