Тэмдэглэлт өдөр 2011.03.16

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.03.16


Казахстаны Үндэсний гвардийг байгуулсан өдөр. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 оны энэ өдөр зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний тусгай анги нэгтгэл болон Казахстаны үндэсний гвардийг байгуулжээ.

Амалаки Экадаши (Amalaki Ekadashi) баярыг энэтхэгчүүд эртнээс тэмдэглэж ирсэн. Шашины энэ баярыг хойд Энэтхэгт хийдэг.

Энэ өдөр төржээ
 
Георг Ом, Германы физикч цахилгааны гинжин урсгалын хуулийг нээгч (1787.03.16 – 1854. 07.06)
Георг Симон Ом

 
Георг Симон Ом 1787 оны гуравдугаар сарын 16-нд Эрланген хотноо слесарийн гэр бүлд төржээ. Багадаа эхээ алдсан хүүдээ эцэг нь ихэд анхаарч, тоо ба физикийн ухаан судлуулсан байна. Георг 1805 онд Эрлангены их сургуульд орон гурван семестр суралцаад Швейцарид очиж хувийн сургуульд тооны багш боллоо. Багшлахын зэрэгцээ өөрийн боловсролдоо их анхаардаг байв. 1811 онд төрсөн хотдоо ирж, их сургуулиа дүүргэжээ. Гүн ухааны докторын зэрэг авав. Сургуульдаа математикийн факультетын доцентаар ажиллаж байхдаа анхны бүтээлээ гаргаж, физикийг илүү анхаарах болсон байна. Кёльнд  багшлахаар ирснийхээ дараа тэрээр цуврал туршилт хийж, гальванийн гинжин улсгалын тухай өөрийн нэртэй бүтээлээ гаргав. 1806 онд Берлинд ирж, “Цахилгаан гинжин урсгалын онолын судалгаа” нэртэй бүтээлээ хэвлүүлжээ. Тэрээр цахилгаан дамжуулагчийн эсэргүүцлийн чанарыг тодорхойлсон хуулиа нээсэн юм.  Омын хуулийг хамгийн түрүүнд орос эрдэмтэд Ленц, Якоби нар батлан зөвшөөрсөн байна. 1842 онд Лондоны хаантны нийгэмлэг Омыг алтан медалиар шагнан өөрийн гишүүн болгожээ. Үүний дараа л Омыг эх оронд нь хүлээн зөвшөөрсөн байна. 1845 онд түүнийг Баварийн шинжлэх ухааны академийн гишүүн болгожээ. Сүүлийн жилүүддээ тэрээр суурь бүтээл гаргахаар ажиллан “Молекулын физикийн хувь нэмэр” гэсэн анхны ботио л дуусгаж амжсан байв. Георг Ом гэр бүл  зохиож чадалгүй бүх амьдралаа шинжлэх ухаанд зориулжээ. Тэрээр 1854 оны долдугаар сарын 6-нд Мюнхен хотноо өөд болов.
1881 онд Парист цахилгаанчдын олон улсын хурал болж, цахилгааны эсэргүүцлийн нэгжийг Омын нэрээр нэрлэхээр болсон бөгөөд энэ тухай дурсгалын самбарыг Кёльн хотноо байрлуулж, Мюнхенд хөшөөг нь босгосон байна.

Энэ өдөр таалал төгсчээ

Тиберий, Исус Христосыг цовдолсон үеийн Ромын эзэн хаан (МЭӨ 42.11.16 – 37.03.16)
 
Тиберий МЭӨ 42 оны арваннэгдүгээр сарын 16-нд Том Нероны гэр бүлд төржээ. Залуу насандаа эзэнт улсын өргөн уудам нутгийн зах хязгаарт дайн тулаан хийж явжээ. Тэрээр жижиг армийн хамт парфянчуудын өмнө нь олзлоод байсан Ромын леогионуудын бүргэдэн сүлдийг буцаан авснаараа алдаршсан байна.
Хожим тэрээр преторын тушаал аваад Европт дайн хийжээ. Трансальпийн галльд  хийсэн ялалтынхаа дараа тэр консул цол авав. Ромд эргэн ирээд улс төрийн хутгалдаанд орсон гэдэг. Эзэн хаан Август түүнийг эхнэрээс нь салган өөрийн охинтой суулгасан байна. Гэрлэлт нь бүтэлгүйтсэн учир тэр сайн дураараа Родост цөллөгт явлаа. Хожим түүнийг Август эргүүлэн татаж, трибун болгосноор тэр Ромын хоёр дахь том хүн гэгдлээ. Августыг нас барсны дараа тэр эзэн хаан болжээ.

Тэрээр Августын уламжлалаар төр барьж байв. Түүний үед эдийн засгийн сэргэлт гарч, үргүй олон зардлыг бууруулжээ. Ром нь байлдан дагуулалтаас илүүтэйгээр хил хязгаара бэхжүүлэх болсон байлаа. Харамч хүн байсан хэдий ч газар хөдлөлтөөр нурсан хот сууринг сэргээж, зам засахад хөрөнгө хайрлалгүй гаргаж байсан юм. “Миний хонийг хяргахдаа арьсыг нь хуулах биш, жинхэнээсээ хяргаж байг” гэсэн цуутай үгийг тэр хэлсэн гэдэг. Гэвч түүний зүтгэл дээдэст таалагдахгүй байснаас тэрээр Ромын ганда байх нь ихэсч, 37 насандаа бие нь муудан Мизен дэх өргөөндөө 37 оны энэ өдөр таалал төгсчээ. Түүний дараа Калигула эрх барих болов.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж