Г.Уянга сайдаас уучлал гуйхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Г.Уянга сайдаас уучлал гуйхгүй гэв

ҮШН-ын нарийн бичгийн дарга Г.Уянга, сэтгүүлч Д.Баатархуяг нарын гэр бүл сая Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая долларын хаус авсан” гэх мэдээллийнхээ төлөө уучлал гуйхгүй гэв. Сэтгүүлч Д.Баатархуяг өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний дараа ҮШН-аас Улаанбаатар паласт зохион байгуулсан “Ард түмний их хуралдай” гэгч үйл ажиллагаан дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан хэмээн мэдэгдсэн билээ.

Тиймээс Л.Гансүх сайд гэр бүлийн хоёрыг “бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаад өгсөн аж. Шүүх хурал удахгүй болох юм байна. Харин гэр бүлийн хоёр мөрдөн байцаах ажиллагаа анхнаасаа нэг талыг барьсан, Л.Гансүх сайдад үйлчлэх  зорилготой байсан учраас хэргийг цааш нь явуулахгүй, хавтаст хэрэгтэйгээ ч танилцахгүй, цаашлаад Л.Гансүх сайдаас уучлал гуйх асуудал ч байхгүй хэмээн мэдэгдлээ. Тэд мөн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч н.Баттөмөр, сайд Л.Гансүх нарыг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдэв. Тэд энэ сарын 7, 8-ны өдөр МҮОНТВ-ээр цацагдсан захиалгат нэвтрүүлэгт Л.Гансүх сайд мөрдөн байцаалтын нууцад хамаарах мэдээллийг ашигласан хэмээн буруутгаж байгаа гэнэ. Мөн Нийслэлийн прокурорын газрын дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Сүхбатыг доод шатныхаа прокурорт шахалт үзүүлж, сайд Л.Гансүхийн нэхэмжлэлээр эрүүгийн хэрэг үүсгэхийг удаа дараа шахсан хэмээн буруутгав. Харин Д.Баатархуяг өөрөө бол “Сонины бүтэн хоёр дугаар дамжсан том нийтлэлд Л.Гансүх сайдын нэр ганцхан удаа орсон. Сая долларын байшин гэдэг бол зүгээр л хэлц үг юм, яг ийм үнээр авсан гэсэн ч үг биш” гээд, ер нь ч тэгээд манай сайд нар яахаараа бүгдээрээ “MCS” компанийн барьсан байшинд амьдардаг юм. Энэ бол тус компанийг тойрсон авлигын сүлжээний нэгхэн хэсэг нь” гэж мэдэгдэв. Сайд Л.Гансүх өнгөрсөн жил “Орчлон” хотхоны ардах Сэлбэ хорооллын таван өрөө байраа зарж, мөн хороололд “MCS” компанийн захирал Л.Энх-Амгалангийн таван өрөө байрыг худалдаж авсан аж. 

Б.ЗАЯА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж