
“Уолл Стрийт”-ийн шинжээчдийн тооцсоноор гамшиг нүүрлэснээс хойш хэдхэн хоног өнгөрсөн боловч Японы Засгийн газрын өр огцом нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх хамгийн их өртэй улс Япон болсон гэсэн үг юм. Одоогийн байдлаар Японы Засгийн газрын өр 11 их наяд ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 200 хувьтай тэнцжээ. Тус улсын Засгийн газрын бондын өгөөж цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Гамшгийн хор хохирлыг арилгахын тулд ОХУ, Хятад тэргүүтэй 70 гаруй орон Японд санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан.
Японы төв банк санхүүгийн зах зээл рүүгээ нэлээд их хэмжээний мөнгө гаргахаар болсон тухай дээр дурьдсан. Энэ нь нөхцөл байдлыг богино хугацаанд намжаах боловч хэтдээ инфляцийг асар их хэмжээгээр хөөрөгдөнө гэх таамаг гарчээ. Энэ долоо хоногт биржүүдийн арилжаа эхлэх үед Японы “Никкей” индекс зургаан хувиар буурсан билээ. Зөвхөн ганцхан өдрийн дотор ийм их хэмжээгээр багассан явдал нь өөрөө асар их хохирол дагуулах юм. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас газрын тос цэвэрлэгч төхөөрөмжүүдийн дийлэнх нь эвдэрчээ. Японы нийт газрын тосны бүтээгдэхүүний 31 хувийг бүрдүүлдэг зургаан том цэвэрлэх төхөөрөмж бүхэлдээ зогссон байна.
Одоогийн байдлаар цахилгаан, усны систем нь зогсонги байдалд орж, маш олон гудамж, талбай, гүүр, төмөр зам эвдэрсэн. Энэ бүхнийг сэргээн босгож, дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд магадгүй хэдэн 10 жил шаардагдах нь дамжиггүй.
Асуудал зөвхөн үүгээр дуусахгүй. Хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон Японы хойд хэсгийн нутгууд, томоохон хотууд бүхэлдээ сүйдсэн билээ. Энэ бүхнээс хамгийн аюултай нь мэдээж хэрэг, атомын цахилгаан станцууд юм. Фукушима, Ибарака, Мияага мужуудад байгаа атомын цахилгаан станцын хэд хэдэн хэсэгт дэлбэрэлт гарснаас болж цацраг идэвхт бодисын түвшин нэмэгдсэн. Анх газар хөдлөлтийн чичиргээн мэдрэгдэж эхлэхтэй зэрэгцээд тэдгээр станцын үйл ажиллагааг зогсоосон билээ. Гэхдээ бүрэн хөргөх шаардлагатай байсан боловч хөргүүрүүд ажиллахаа больж, дизель түлшээр ажиллаж, станцуудыг царцаах ёстой үүсгүүрүүд нь далайн усанд автсан юм. Тиймээс нөөц батерай ашиглаж, атомын цахилгаан станцуудыг хөргөж эхэлсэн боловч энэ нь төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Хэрэв бүхэлдээ дэлбэрэхээс өөр аргагүйд хүрвэл цөмийн реакторуудыг далайн ус руу хийж хөргөх боломжтой юм. Гэвч үүнээс болж тэдгээр станцыг дахин ашиглах ямар ч боломжгүй болно. Тиймээс Японы эрх баригчид энэ аргыг ашиглахаас цааргалсаар байгаа юм. Гэвч тэднийг холбогдох мэдээллийг нууцалж байна гэх шүүмжлэл хэдийнэ гараад эхэлжээ. Мөн цацраг идэвхт бодист хордсон хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа юм.
Японы хувьд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 29 хувийг цөмийн реактороосоо гаргаж авдаг. Гэтэл одоо энэ салбар нь ерөнхийдөө дампуурч байгаа учир тус улс газрын тос, байгалийн хий ашиглаж, цахилгаан, дулаан гаргах болно. Өөрөөр хэлбэл, эрэлт нь нэмэгдэнэ гэсэн үг.
Гамшиг болохын өмнө Япон улс АНУ-ын хоёр дахь том зээлдэгч орон байсан. Ойролцоогоор 882 тэрбум ам.долларын бондыг эзэмшдэг байсан боловч одоо сэргээн босголтын ажилд зориулж зарцуулах хөрөнгөө босгохын тулд тус улсын эрх баригчид өрийн бичгээ худалдаж эхлэх нь дамжиггүй юм.
Түүнчлэн одоо Японд томоохон компаниуд үйлдвэрүүдээ түр хугацаагаар хааж байгаа нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарч эхэлсэн юм. Зөвхөн “Ниссан” үл гэхэд дөрөв, “Сони” корпораци зургаан үйлдвэрээ хаачихаад байна. Харин автомашины үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Тоёота” компани Япон дахь бүх үйлдвэрээ хаасан юм. Энэ үед Японы санхүүгийн байгууллагууд хамгийн хүнд цохилтыг амсч байна.
Японы төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь есөн хувьтай тэнцэж байсан тухай дурсаад ч хэрэггүй биз. Одоо энэ тоо хэд дахин нэмэгдэх нь дамжиггүй.
Энэ бүхнээс дүгнээд үзэхэд “Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг Япон улс байлаа” гэж хэлэх өдөр удахгүй ирэх нь ойлгомжтой боллоо. Одоо тэртэй тэргүй эдийн засгийн өсөлт нь саарч байсан Япон улсын ирээдүйг Наото Каны Засгийн газар өөрчилж чадах эсэхийг харах л үлдлээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин