Тооллогын зардлыг ЗГ санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Тооллогын зардлыг ЗГ санхүүжүүлнэ

Тооллогын зардлыг Засгийн газар,  хандивлагч орнууд санхүүжүүлнэ

Хөдөө аж ахуйн тооллогыг Монголд анх удаа хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос тооллогод шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх, тооллогын талаар хамтарч ажилладаг байгууллагууд нь ямар саналтай байгааг сонсохоор хандивлагч орнуудын уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.  Уулзалтад ХХААХҮЯ, ҮХШХ, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид ирсэн юм. Энэ үеэр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын  ХХААБ, Хүн амын сан болон бусад байгууллагын төлөөлөгчид төсөл хөтөлбөрт нь хэрэглэх хөдөө аж ахуйн цогц мэдээлэл байдаггүйгээс зарим судалгааг дахин хийхэд хүрдэг тухай ярьж байсан.  Харин энэхүү тооллогыг хийх нь олон улсын байгууллагуудаас  Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй төслүүдэд тодорхой баримт болох ач тустай тухай хэлж байлаа. Тиймээс хөдөө аж ахуйн тооллогод шаардлагатай санхүүжилт болон техник, хэрэгслийн тал дээр туслалцаа үзүүлэх талаар зөвлөлдөх болно гэдгээ хэлж байлаа.

Энэ үеэр ҮСХ-ны дарга С.Мэндсайхан болон Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгээс тооллогын талаархи зарим асуултад хариулт авсан юм.

С.МЭНДСАЙХАН: ХАА-Н ТООЛЛОГЫГ АНХ УДАА ХИЙЖ БАЙГАА Ч БИДЭНД ТУРШЛАГА БИЙ

-Олон улсын байгууллагууд манай хөдөө аж ахуйн салбарын талаар цогц мэдээлэл байдаггүй гэж байсан. Энэ тооллогыг зөвхөн тэдэнд зориулж хийж байгаа юм уу?

-Монгол Улсын ДНБ-ий 16 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэдэг. Харин нийт хүн амын гуравны нэг нь хөдөө амьдарч байна. Тэд Монгол Улсын 1.5 сая газар нутгийг хамгаалж, хот, суурин газарт амьдарч байгаа хүмүүсийнхээ ар тал нь болдог юм. Тиймээс манай байгууллагаас хөдөөгийн статистикийн асуудал дээр онцгой ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл нь энэ тооллого юм. Хөдөөгийн статистик гэдэг нь хөдөө аж ахуйн статистик дээр хөдөөгийн иргэдийн нийгэм эдийн засгийн байдал амьдрал ахуйтай холбоотой бүхий л  мэдээллийг нэгтгэсэн утга юм. Тиймээс хөдөөгийн статистикийг боловсронгуй болгох шаардлагатай. Мөн шинэ, дэлгэрэнгүй мэдээллийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн тооллогыг анх удаа хийх гэж байна. Үүнээс гадна Монгол Улсын эдийн засагт уул уурхайн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж  эхэлсэн нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, хөдөөгийн иргэдэд илүү анхаарал хандуулах шаардлагыг бий болгож байна. Тооллогоос гарсан мэдээллийг зөвхөн энэ салбарынхан хэрэглэхгүй, бүхий л салбарт хэрэглэх юм.

-Тооллогыг хэрхэн хийх вэ. Манайд энэ тал дээр туршлага бий юү?

НҮБ-ын ХХААБ-аас гаргасан зөвлөмж болон бусад орны туршлага дээр үндэслэн тооллогыг хийх боловч асуулгын асуултыг боловсруулах, үзүүлэлтүүдийг эцэслэх том ажил байна. Бидэнд дадлага, туршлага бий. Хүн хүчний тал дээр ч асуудал гарахгүй. Харин санхүүгийн бэрхшээл л тулгарч байна.

Б.БАДАМЦЭЦЭГ: ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГЫГ 10 ЖИЛ ТУТАМД ХИЙНЭ

-Манайд мал, тэжээвэр амьтны тооллого гэж хийдэг. Үүнийг хөдөө аж ахуйн тооллогод нэгтгэх үү?

-Монгол Улсад 1921 оноос мал тооллогыг  хийж  ирсэн. Энэ тооллогоор гаргаж байгаа үзүү­лэл­түүд өнөөдрийн хэрэгцээ, шаардла­гыг хангаж байна уу гэдэг асуулт тулгарч  эхэлсэн. Тухайлбал, малын нас, хүйсээс гадна хөдөөгийн статистикийн үзүүлэлт ялангуяа хүнсний аюулгүй байдал, өрхийн амьжиргааны түвшин, малчид руу чиглэсэн нийгмийн даатгал, бусад үйлчилгээг төдийлөн хөндөж чадаагүй байсан учир энэ бүхнийг тусгасан тооллого хийх шаардлагатай болсон. Тиймээс мал, тэжээвэр амьтдын тооллогыг олон улсын стандартын дагуу өргөжүүлж, бидний авч чадахгүй байгаа мэдээллүүдийг багтааж асуудлыг цогцоор нь шийдэх юм.

-Хүн ам, орон сууцны тооллогыг 10 жилд нэг удаа хийдэг. Харин малын тооллогыг жилд нэг хийдэг байсан. Ингэж өргөжүүлснээр хугацаанд нь ямар өөрчлөлт орох вэ?

-Ийм төрлийн тооллогыг хэрэглэдэг улсууд жил бүр хийж чаддаггүй. Учир нь үүнд зардал, хүн хүч, хугацаа шаардлагатай. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг бүх өрх, аж ахуйн нэгжид тоологч нар очиж мэдээллийг цуглуулдаг учир асар их зардал гардаг.  Тиймээс 10 жилд нэг удаа энэ тооллогыг хийх зөвлөмжийг НҮБ-ын ХХААБ-аас гаргасан. Үүний дагуу манай улс хамгийн анхны тооллогыг энэ онд эхэлж, цаашид10 жил тутамд явуулж том хэмжээний мэдээллийн сан бүрдүүлж, бодлого боловсруулах түвшнийхэнд хэрэгтэй тоо, баримтыг цуглуулах юм. Мөн олон улсын түвшинд Монгол Улсын мэдээллийг харьцуулж болох боломжийг нээж байгаа юм. Манайд мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд хийдэг. Энэ удаагийн хөдөө аж ахуйн тооллогыг энэ тооллоготой хамтатган хийх төлөвтэй байгаа. Харин хугацааны хувьд одоогоор тодорхойгүй байна.

-Мал тооллогын тухайд?

-Мал, тэжээвэр амьтдыг жил бүр тоолдог тогтсон хугацаандаа л хийнэ.

-Тооллогын бэлтгэл ажлыг хэдийнээс эхлэв?

-Манай байгууллага 2009 оноос хүнс, хөдөө  аж ахуйн байгуул­лагуудтай хамтарч ажилласан. Үү­ний хүрээнд Хүн ам, орон сууцны тоолло­гын явцад хөдөө аж ахуйн тооллогын хамрах хүрээг бий болгож чадсан. Ингэснээр зардал бага гаргаж, олон тооны мэдээлэл цуглуулах эх суурийг тавьсан. Өөрөөр хэлбэл, хугацаа нь ойролцоо тооллогоос дараагийн тооллогын бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн үг юм. Тэгэхээр хөдөө аж ахуйн тооллогын бэлтгэл ажлын нэг хэсэг нь хангагдсан гэж болно. Манай улсад өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн салбарт  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрхийн дэлгэрэгүй мэдээллийн сан байгаагүй.

-Хандивлагч орнууд санхүүжил­тийн асуудлыг шийдэхэд тусална гэдгээ хэлсэн. Гэхдээ бүх зардлыг гаргахгүй нь мэдээж. Үлдсэн санхүүжилтийг  хэрхэн шийдэх вэ?

-Засгийн газрын хууль, эрх зүйн асуудлыг шийдэх гэж байгаа тохиолдолд Монгол Улсын Засгийн газар тодорхой хэмжээний төсөв гаргах ёстой.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж