
БНХАУ-ын дарга Ху Жинтао Ким Чен Уныг Хятадад анх удаа айлчлан ирэхийг урьсан. Уулзалтыг Хятадын бүх ард түмний их хурлын дараа товлосон боловч энэ сарын сүүлч хүртэл түр хугацаагаар хойшлуулжээ хэмээн Японы хэвлэлийнхэн таамаглаж байгаа юм. Харин Хятадын ажиглагчид ирэх сарын 15-нд багтаж уулзалт болох байх гэж үзэж байна. Энэ бүхнийг өнгөрсөн баасан гарагт Японд болсон цунами болон атомын цахилгаан станц ээлж дараалан дэлбэрсэнтэй холбон тайлбарлаж байна.
Хойд Солонгосын холбоотон орнуудын нэг болох Хятад улс, харилцаа холбоогоо улам бататгаж, ирээдүйнхээ талаар ярилцах нь тодорхой билээ. Хятадын удирдагч асан Мао Зэ Дуны том хүү Мао Анинаа 1950 оны арваннэгдүгээр сарын 25-нд Хойд Солонгос руу АНУ агаарын дайралт хийх үеэр амь үрэгдсэнийг дурсан хожим нэгэн гэрээслэл үлдээсэн байдаг. Уг гэрээслэл “Хойд Солонгосын ард түмэнд байнга тусалж, дэмжиж байгаарай” гэсэн утга агуулсан нь Хятад болон Хойд Солонгосын найрсаг харилцаа эртний улбаатайг харуулж буй биз ээ.
Ким Чен Уны айлчлал хойшилсон талаар “Өмнөд Солонгост АНУ-ын албаныхан хүрэлцэн ирж Хойд Солонгосын асуудлын талаар хэлэлцэнэ” гэж АНУ-ын департаментын хэвлэлийн төрийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн. Тэрбээр уг уулзалтын үеэр Хойд Солонгосын уран баяжуулах хөтөлбөрийн талаар ярилцаад зогсохгүй хоол хүнсний гачигдлын талаар ярилцах болно гэжээ. Мөн Хойд Солонгост хүний эрх гээд байх юм юу ч алга гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Өмнөд Солонгосын тагнуулын алба “Хойд Солонгосын удирдагчийн бага хүү Ким Чен Уны Хятадад хийх айлчлалыг сайн ажиглах болно” хэмээн сүрдүүлсэн утга бүхий мэдэгдэл хийжээ. Энэ талаар Хятадын эрх баригчид шүүмжлэлтэй хандах болно гэдгээч илэрхийлсэн. Ямартай ч Хятадад анх удаа уригдаад байгаа Ким Чен Уны айлчлалын хугацаа түр хойшилсон боловч энэ сарын сүүлээр болох нь тодорхой болоод байгаа юм. Саяхан Оросын тал Хойд Солонгостой хийх цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлгийг яаравчлах талаар мэдэгджээ. Хойд Солонгосын эрх баригчид үүнд “Бид цөмийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн” гэсэн хариуг өгсөн аж.

"Улс төрийн тойм" сонин