”С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах нь зөв” гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

”С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах нь зөв” гэв

Тэд ”С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах нь зөв” гэж үзэж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татсан. Харин Нийслэлийн прокурорын газар тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Ор­гил нараас тайлбар авч, Н.Энхбаярыг гэрчээр татсан. Н.Энхбаяр өөрийгөө гэрчээр татагдахыг мэдсээр байж ийм мэдэгдэл хийсэн нь сонин. УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авсны дараа шаардлагатай гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлагад татах болно. Хэргийг хэрхэн шалгадаг тэр л зарчмаар долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдуулан дээрх эрхмүүдээс тайлбар авах нь тодорхой. Харин улс төрд хамгийн сонирхол татахуйц асуудал болоод байгаа Н.Энхбаярын мэдэгдлийн талаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн: ХЭН НЭГНИЙ ХЭЛСНЭЭР ГАРГАЖ ИРЭЭГҮЙ БАЙХ

-Тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс тодруулж, тайлбар буруу зүйл байхгүй. Тэр үед болсон үйл явдлыг хүмүүс өөр, өөр өнцгөөр хараад байна. Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой асуудал шүүх, прокурор гээд үргэлжилж байгаа. Гэхдээ нэг хүний хэлснээр энэ асуудлыг гаргаж ирээгүй байх. Угаасаа төлөвлөгөөтэй яригдах асуудал байсан болов уу л гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир: ЧУХАМ ХЭН ТУШААЛ ӨГСӨН ГЭДГИЙГ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ

-Долдугаар сарын 1-ний тухай яриа хүмүүсийн сэтгэлд айдастай хэвээр л байна. Энэ хэрэг чухам юунаас болов гэдэгт тайлбар өгсөн зүйл байхгүй болохоор одоог хүртэл нэхэл дагуул болж байна. Тиймээс ийм, хүчин зүйлээс болж энэ асуудал үүссэн гэх нарийн учрыг олж нийгэмд цэгцтэй тайлбар өгмөөр байгаа юм. Хааяа байнгын хорооны түвшинд долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг боловч нэгдсэн нэг тайлбар өгсөн зүйл байхгүй шүү дээ. Тухайн үед чухам хэн нь тушаал өгсөн юм гэдгийг хэлэхэд хэцүү. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир хөндлөнгөөс ярих хэрэггүй болов уу гэж бодож байна. Харин уг хэрэгт улс төрийн нөлөө орохгүй, шүүх засаглал нь хараат бус байж буруутай хүмүүсийг тогтоон, хариуцлага хүлээлгэх нь чухал.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: ХЭРГИЙН ЗАНГИЛАА ХӨВӨРЧ ЭХЭЛЛЭЭ

-Ер нь долдугаар сарын 1-ний асуудлыг шударгаар шийдэхийн тулд тухайн үед үүрэг даалгавар өгсөн бүх хүнээс байцаалт авах ёстой. Н.Энхбаярыг долдугаар сарын 1-ий үймээнтэй холбоотой ярьсан зүйлийг нь сонссон. Одоо хэргийн зангилаа хөвөрч эхэллээ. Би энд хэн нэгнийг буруутгахгүй. Гагцхүү хэн нэгэн хариуцлага хүлээх хэрэгтэй. Тухайн үед Онц чуулган хуралдах үед “Цагдаа нар галт зэвсэг хэрэглээгүй” гэж байсан. Гэтэл одоо галт зэвсэг хэрэглэсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ыг хуурсан байгаа юм. Иймээс цагдаагийн байгууллага оролцсон энэ үймээний хэрэгт прокурор хатуу хяналт тавьж ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: ШАЛГАХ НЬ ЗӨВ

-Долдугаар сарын 1-ний үймээний талаар хэн нэгэн бодит баримтад тулгуурлан  хэлж байгаа бол шалгах нь зөв. Хуулийн дагуу л асуудлыг шалгаж байна.""

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: ХУУЛИЙН ХҮРЭЭНД  ШИЙДЭХ ЁСТОЙ

-Аливаа асуудал хуулийн хүрээнд л шийдэгдэх ёстой. Хууль хяналтын байгууллага юу гэж үзэж байна гэдэг асуудал бий. Мөн долдугаар сарын 1-ий үймээнээс болж таван хүний амь нас хохирсон. Тиймээс энэ бүхнийг шалгаж, тогтоох хэрэгтэй.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж