Хараал уу, ерөөл үү гэдгийг Оюутолгой удахгүй харуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хараал уу, ерөөл үү гэдгийг Оюутолгой удахгүй харуулна

Монгол Улс Оюутолгой ордоос 2040 он гэхэд нийт 31-32 тэрбум ам.доллартай тэнцэх ашиг олох юм байна гэсэн тооцоо гарсан байна. Австралийн эдийн засагч, доктор Брайн Фишер Монголын эдийн засагчидтай хамтран хийсэн “Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн цогц үнэлгээ”-ний үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд 10 жил тутамд эдийн засаг маань 10 хувийн өсөлттэй гарна гээд бодохоор үүнээс таатай мэдээ гэж хаана байх вэ. Гэхдээ учир бий. Гол нь тэрхүү орлогыг “бяцхан” эдийн засагтаа яажшуухан шингээх вэ гэдэг асуудал тухайн төр, засгийн “шүдний өвчин” болдог ажээ. Баялагтай орон бүрт зайлшгүй тохиолддог энэ өвчний талаар ч дээрх судалгаанд дурьдсан байна л даа.

Мэдээж Оюутолгой маш ашигтай, том төсөл учраас “Голланд өвчин” –ий шинж тэмдэг огт илрэхгүй гэж амлах аргагүй. Гэвч болзошгүй эрсдэлийг гэтлэх арга зам бий. Энэ талаар доктор Б.Фишер хэлэхдээ “Ашигт малтмалын хараал гэх нь буруу нэр томьёо. Газрын гүнд байгаа хөрөнгө яаж хараал хийж, гай удах юм бэ” хэмээгээд “Харин муу бодлого явуулбал тэр нь л хараал болно” гэсэн юм. Болдогсон бол үүнийг бодлого боловсруулагчдад тол­гой дараалан анхааруулж хэ­лэхсэн. “Болдогсон бол…” гэс­ний учир нь Б.Түв­шин­төгс, доктор Б.Фишер нарын бие даасан эдийн засагчид Монголын Засгийн газар, улстөрчдөд зөвлөгөө өгөхөөс зайлсхийдэг билээ. Тиймээс ч “Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн цогц үнэлгээ”-г Монголын Засгийн газар, эдийн засгийн агентлагууд болон сонирхож буй талуудад өгснөөр төсөл боловсруулахдаа ашиглаасай л гэж бодож байна хэмээхээс хэтэрсэнгүй.

Харин ийм үнэлгээ хийх загварч­лалын талаар сургалт зохион байгуулж эхэлжээ. Загварыг Мон­голын эдийн засагт гарч болох өөрчлөлтийн нөлөөллийг тооцож гаргахад ашиглаж болох бөгөөд дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулахад хэтийн төлөвийг таамаглахад тусламж болно хэмээн тэд үзэж байна. Ямартай ч Оюутолгой төсөл Монголын эдийн засагт маш том хувьсгал хийх нь ойлгомжтой. Эхний үр хөврөл нь “Эх орны хишиг”-ээр дамжин иргэдийн гар дээр ирээд байна. Гэхдээ энэ арга зөв үү. Мөнгө, санхүүгийн сайн бодлого, орлого зарцуулалтын зөв хуваарилалт мөн үү гэдгийг хэлэхэд эрт байна.

Яагаад бид заавал баялгийн ерөөлийг бус хараалыг онцолж зөгнөөд байна вэ. Байгалийн баялаг ихтэй орнуудын хөгжил бусад орныхоос доогуур байсан тэр үзэгдлийг “Байгалийн хараал” гэж ярьдаг бололтой юм. Манайхны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болъё, алийн болгон түүхий эд нийлүүлэгч байх вэ гээд байдаг маань ч үүнтэй холбоотой. Одоо л бид Оюутолгойн ордоо ашиглаж эхэлнээр олон жилийн мөрөөдлөө биелүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохоор зорьж буй маань энэ билээ. Гэвч наана нь үйлдвэрээ хөл дээр нь хурдан босгохоос урьтаж нийгмийн халамжид зарцуулж, бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад байхаар мөнөөх том зорилгодоо хүрэх эсэх нь эргэлзээтэй болчихож байгаа юм. Энд дипломатч Д.Баярхүүгийн өнгөрсөн оны зургадугаар сарын 7-нд бичсэн “Баялгийн хараал хүрэхгүй байх мэргэн туршлага” нийтлэлээс эш татъя. Учир нь тэрбээр уг нийтлэлд бичсэн орнуудын нөхцөл байдлыг нүдээр үзэж, судалж бичсэн нь илүү үнэ, цэнэтэй санагдсан хэрэг л дээ.

Эх орны хишгийг байгалийн баялгаасаа бүрдүүлээд, ард иргэддээ хуваарилдаг туршлага Персийн булангийн Арабын улсуудад бий. Гэтэл чухам ямар баялгийг, ямар аргаар олборлов, хэр нөөцтэй, хамгийн гол нь ямар дэд бүтцээр дамжин дэлхийн зах зээлд гардаг вэ гээд харьцуулахаар Монголыг Персийн булангийн Арабын ор­нуудын хооронд тэнгэр, газар шиг том зөрүүтэй хэмээн судлаачид үзэж байна.  Жишээ нь нефть, байгалийн хийг олборлоод, далайгаар тээвэрлэн дэлхийн зах зээлд хүргэдэг орнуудын олзоо яаж хуваарилдаг зарчим нь манай хөрсөн дорхи гүний уурхай, дөнгөж барьж эхэлж буй барилга байгууламж, шинээр барьж байгаа авто зам болон төмөр зам, далайд гарцгүй нөхцөл байдал, эцэст нь олох цэвэр ашгийг хуваахтай адил байж болно гэж үү. Уур амьсгал, байгалийн эрсдэлийн нөлөөллийг яах билээ. Өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд хүргэхийн тулд далайд гарцтай хоёр хөрштэйгээ зайлшгүй тохиролцох болно. Тэдний тавих болзол, нөхцлүүд тийм амар гэж үү. Дашрамд сануулахад харьцангуй амар замыг туулсан хэмээн бодож буй Персийн булангийн орнууд ч хуримтлалын сангаа зузаатгах хүртэл тийм ч таатай бус замыг туулсан байдаг юм билээ. Тухайлбал Катар улс л гэхэд 1940 оноос нефть, байгалийн хий олборлож эхлэснээс хойш бүхэл бүтэн 30 жилийн дараа буюу тусгаар тогтнолоо тунхагласны дараа л  бүс нутагтаа баянд тооцогдох болсон. Тэр цагаас хойш баялгаа олсон орлого буюу нийт орлогынхоо 80 хувийг  нийгмийн халамжийн чиглэлд зар­цуулах болсноор нийгмээрээ баяжиж эхэлжээ. Үндсэн хүн ам нь гадаадаас хөлсөлдөг ажилчдаас нь цөөн энэ улс дэлхийн байгалийн хийн нөөцийн 15 хувийг  эзэмшдэгийн хувьд ойрын 20-30 жилд үнийг тогтвортой барина хэмээн тус улсын Эмир ярьсан удаатай. Элсэн цөлийн энэ жижигхэн улс дэлхийн эрчим хүчний гигант болох зорилгодоо хүрч яваа. Тэдэнд манайхтай ижил төстэй тал бий гэж үү.

Харин Кувейтэд манай Эх орны хишиг сан шиг тийм сангаа байгуулахдаа хязгааргүй их мөнгөн хуримтлал бий болгочихоод, төр нь түүнийгээ хянаж эхэлсэн байна. Манайхаар бол “Чононд хонь хад­галуулсан”-ы үлгэртэй төстэй. Гэхдээ хамгийн том ялгаа нь иргэдэд бэлэн мөнгө тараахгүйгээр бизнесийг дэм­жих, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох, гадаадад байршуулах, хөрөн­гийн бирж байгуулахад зарцуулсан байна. Мөн тусгай сан байгуулан, ус, цахилгаан, телефон утасных нь зардлыг хүртэл төр даадаг, хөнгөлөлт үзүүлдэг байх талаар ярьж эхлэлжээ. Эмиратын Абу Дабигийн сан л гэхэд төсвийн орлогын 70 хувийг хөрөнгө оруу­лалтын хэрэг эрхлэх газарт, үлдсэн хэсгийг Хөрөнгө оруулалтын зөвлөлд шилжүүлэн хадгалдан аж. Энэ хоёр байгууллага нь сангийн үүрэгтэй ажилладаг бөгөөд илүүдэл орлогоо гадаадад урт хугацааны хөрөнгө оруулалт болгон байршуулж өсгөдөг гэнэ.

Дээрх жишээнүүдэд нэг л нэгдмэл чанар буй. Тэр нь дахин сэргээгдэхгүй ашигт малтмалын экспортоор төс­вийнхөө ихэнх хэсгийг бүрдүүлдэг эдгээр орон тусгай хуримтлалын сан байгуулсан. Энэхүү сан нь ашигт малтмалын нөөц дуусахын цагт ирээдүйгээ дэмжих, хямрал үүс­вэл улс орныхоо эдийн засгийг тогтворжуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх амин чухал гурван үүрэгтэй.  Тиймээс олборлох, борлуулахад хямд төсөр, байгаль орчинд хөнөөл багатай учир олсон орлогоо хуримтлал болгон банкинд байршууладаг Персийн булангийн орнуудын туршлагыг Монголд шууд буулгаж ярих нь гэнэн хэрэг. Харин Кувейтийн жишгээр “эхлээд нөөцлөх, байнга нөөцлөх” гэсэн зарчмаар явах нь ямар бол хэмээн тэрбээр бичсэн байдаг. Иймд баялгийн хараалыг, ерөөл болгохын тулд төр, засгийн бодaогоос эхлээд жирийн иргэний сэтгэлгээг зөв залуурдаж чадвал эдийн засгийн үсрэнгүй хөгжил гэгч энүүхэн Өмнийн говиос эхэлчихээд байна шүү дээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж