
Тоглолт эхлээд удаагүй байхад дөрөв дэх минутад Филиппиний шигшээ багийн 7 дугаартай хагас хамгаалагч Жеймс Жосеф Янгхасбенд гоолын салхийг хагалсан бол Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд битүү цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Монголын шигшээ багаас багийн ахлагч, 3 дугаарын өмсгөлийн эзэн Д.Лүмбэнгарав 22 дахь минутад тооны харьцааг тэнцүүлжээ. Улмаар тоглолтын 35 дахь минутад 5 дугаартай Б.Гарьдмагнай 11 метрийн цохилтоос тооны харьцааг 2:1 болгосон байна.
Ямартай ч “Талын хөх чононууд” нутагтаа илүүрхэж, Филиппиний шигшээ багийг 2:1 харьцаатай буулган авлаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Монголын шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав тодорсон бөгөөд түүний “Дельта Сервис” компаниас амласан ёсоор нэг сая төгрөгөөр урамшуулсан юм.
С.Цэлмэг