С.Баяр, Ч.Амарболд нарыг ирүүлэх хууль бий

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

С.Баяр, Ч.Амарболд нарыг ирүүлэх хууль бий

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүл үест хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ам нээх бүртээ 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг, тэр үед хэн юу гэж хийсэн, хэлсэн талаар дэлгэдэг болоод байгаа. Энэ ч байгаа онож, прокурорын байгууллага долдугаар сарын 1-ний хэргийг дахин задалж, тухайн үед С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нараас хэргийн талаар дахин мэдүүлэг авахад хүргэсэн билээ. Үүний улмаас цагдаагийн удирдлагуудыг хавтаст хэрэгтэй нь танилцуулж эхлээд байсныг хүртэл зогсоосон юм. Н.Энхбаярын цухас дурдсанчлан долдугаар сарын 1-ний өдөр онц байдал зарлахад хүргэж, МАХН-ын төв байрыг шатаах боломжийг бүрдүүлсэн гээд буй С.Баяр, Ч.Амарболд нараас ч мэдүүлэг авах болсон аж. Гэвч одоогоор дээрх нөхдөөс хэн нь гэрчийн мэдүүлэг өгч эхлээд байгаа юм бол. Энэ талаар Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас тодрууллаа.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар хэвлэлд өгсөн мэдээллийн дагуу танайхан гэрчийн этгээдүүдээс дахин мэдүүлэг авахаар болсон гэсэн. Тэднээс мэдүүлэг авч эхэлсэн үү?

-Тэр мэдээллийн дагуу бид асуудлыг нягталж байна. Асуух зүйл гарч, шаардлагатай бол тэдгээр хүмүүс рүү ярьж мэдүүлэг авна.

-Хэрэв С.Баяр, Ч.Амарболд нар мэдүүлэг өгөхгүй, ирэхгүй бол яах вэ. Тэднийг албадах зохицуулалт бий юу?

-Ирэх байлгүй дээ. Ирэхгүй гэж бодохгүй байна.

-Ирэхгүй бол албадан ирүүлэх боломж байх уу. Манай өндөр албан тушаалтнууд чинь “хатуу чихтэй” шүү дээ?

-Хэрэв ирэхгүй бол албаддаг хууль бий.

-Хэн албаддаг юм бэ. Прокурор тийм зөвшөөрөл өгөх ёстой юу?

-Цагдаагийн байгууллага албадаж авчирна. Тийм хуультай.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “21.00 цаг хагасын үед Ч.Амарболд генерал “МАХН-ын байрыг хамгаалж чадна” гэсэн өмнөх байр сууриасаа буцаад “МАХН-ын байрыг би хамгаалж чадахаа болилоо. Цагдаа нараа татъя” гэсэн…Тэгэхэд тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр миний үгийг залгуулж аваад “Би Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд цагдааг хариуцдаг юм” гээд цагдаагийн даргад “Тэр намын байран дээрээс бүх цагдаагаа тат. Ерөнхий сайдын хувьд ийм үүрэг даалгаврыг Ч.Амарболд генералд өгч байна” гэсэн. Ч.Амарболд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд цагдаагаа татсан…” гэж ТВ9 телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр одоогоор эзгүй байгаа. Түүнийг АНУ-д биеэ эмчлүүлж буй гэж мэдээлэл бий. Тиймээс түүнийг иртэл эл асуудал хэсэг хугацаанд нам жим байх бололтой.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж