Хүчтэй буу, хурдан унаатай нөхдөд хэцүү үе ирж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хүчтэй буу, хурдан унаатай нөхдөд хэцүү үе ирж байна

Байгаль орчин, хүнс, Хөдөө аж ахуйн Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Д.Мягмарсүрэнгээс саяхан батлагдсан Ан агнуурын тухай хуулийн талаар ярилцсан юм.
 
-Ан агнуурын тухай хууль саяхан батлагдсан. Энэ хуулийн амин сүнс юунд байгаа вэ, хуучин хуулинд ямар өөрчлөлт орсон бэ?

-Ан агнуурын тухай хуулинд 2000 оноос хойш гар хүрээгүй байсан. Иймээс өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Энэ хуулиар хэд хэдэн зүйлийг анхаарч үзсэн. Хамгийн эхэнд шинээр есөн ойлголтыг тодорхойлж, Ан агнуурын тухай хуулийн гол гол ойлголт, тодорхойлолтыг өөрчиллөө. Тухайлбал, “Ан агнуурын бүс нутаг гэж юуг ойлгох, ан агнуурын сүргийн бүтэц, менежментийн төлөвлөгөөг юу гэх, үүнд нь ямар баримт бичгүүд хамаарагдах зэрэг зарчмийг хуульчилж өгсөн. Мөн ан агнуурыг нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хийж өгсөн. Ангийн буу гэж юу болох, байлдааны буунаас ямар ялгаатай болох, хэрэглээнд ямар хязгаарлалт тогтоох зэргийг хуульчилж тодорхой болгосон. Мөн спорт агнуур, олзворын агнуур гэх сүүлийн үед үүсч бий болсон тодорхойлолтыг шинээр нэмж оруулсан.

-Хуулиар ойлголтыг тодорхойлохын ач холбогдол юунд байна. Тодорхой жишээ болгож Ангийн буу гэж тодорхойлсноороо ямар ач холбогдолтой вэ?

-Хуучин хуулиар ангийн болоод байлдааны бууг ялгаагүй байсан. Ангийн бууг хүчин чадал, тусгал, хүхээнд байх сумны тоогоор нь хязгаарлаж өгснөөрөө ач холбогдолтой. Байлдааны буу бол хүч, хөнөөх чадал ихтэй. Ангийн буунд энэ чанарууд нь бага. Тухайлбал ангийн бууны хүхээнд дөрвөөс илүүгүй сум байна гэх зэргээр хязгаарлаж өгсөн. Ингэснээр өнөөдөр байлдааны буу барьчихаад ангийн буу гээд зогсох боломжгүй болж байна гэсэн үг.

-Хуулиар хариуцлагыг чангатгасан биз, хэр чангалсан юм бол?

-Нэгдүгээрт гарал үүслийн гэрчилгээ тодорхой байхыг шаардсан. Энэхүү бичигт маш олон зүйлийг тодорхой тусгахаар болсон. Хэрэв гарал үүслийн гэрчилгээгүй ан агнасан, ан агнуурын зүйлийг худалдаж авсан бол хариуцлага хүлээнэ. Хууль бусаар агнасан эд зүйлийг зөвхөн худалдаж авснаар хууль бусаар ан агнасантай адилтган ижил хэмжээний хариуцлага тооцно гэхээр нилээд чанга байгаа биз.

-Том машинтай, буутай, хуулиас дээгүүр эрх мэдэлтэй юм шиг аашилдаг дарга нарт энэ хууль үйлчлэх үү?

-Энэ байдал одоо үндсэндээ цэгцэрч байна. Дорнодын талын чоныг хэн дуртай нь очоод хэдэн арваар нь алдаг байсан. Одоо түүнийг нь яамнаас хоёр жилээр хориглочихсон тул энэ замбааргүй байдал цэгцэнд орсон. Ер нь хамгаалах эзэнтэй болоод ирэхээр мэдээлэл, хяналт сайжрана. Ингэхээр хүчтэй буутай, том унаатай тэр баян нөхдүүдэд хэцүү үе ирж байна гэсэн үг.

-Сүүлийн арван жилд ховор ан агнуурын тоо толгой 90 орчим хувиар буурсан. Энэ хууль батлагдсанаар ийнхүү эрс буураад байгааг өөрчилж чадах уу?

-Өөрчлөлт гаралгүй яах вэ. Энэ хуулийн агуулгыг иргэд сайн ойлгосон тохиолдолд эрс өөрчлөлт гарна. Хуулийг хэрэглэж, хэрэгжүүлдэг хүмүүс нь иргэд. Иймд эхний ээлжинд энэ хууль ийнхүү чангарсан, ийм хамгаалалттай, зохицуулалттай болсон гэдгийг иргэдийн толгойд суулгаж өгөх хэрэгтэй. Хууль сурталчлах ажлыг төрийн захиргааны байгууллага хийнэ. УИХ-аас зөвхөн хуулийг батлаад хэрэгжилтийг нь орхигдуулвал ямар ч сайхан хууль хэрэггүй. Хариуцлагыг чангатгах нь ховордсон нөөцийг зогсооход чухал ач холбогдолтой.
Мөн зарчмийн хувьд торгуулийн хэмжээг тооцох арга нь ч өөрчлөгдөж байгаа. Өмнө нь хичнээн төгрөг төлөхийг заачихсан байдаг бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин өсгөх байдлаар харьцаа үүсгэн тогтоохоор болсон. Ингэснээр торгуулийн мөн чанар бий болно.

-Гарал үүслийн гэрчилгээг хаанаас олгож байгаа вэ?

-Элбэг тархацтай ан амьтан агнах гарал үүслийн гэрчилгээг сумын засаг захиргаанаас олгож байгаа. Ховор амьтныг агнах бол төрийн захиргааны төв байгууллага болох яамнаас олгоно.

-Хөдөөний иргэд тарвага зурам агнахаар буу бариад л гардаг. Тэд ч мөн гарал үүслийн гэрчилгээ авах хэрэг үү?

-Ахуйн хэрэглээнд ан агнахаар байсан ч сумын засаг захиргаанаас бичиг авна.
 
-Амьтныг үнэлсэн үнэлгээнд өөрчлөлт орсон уу. Зарим амьтныг үнэлэх үнэлгээ бага байгаа гэж зарим хүмүүс үздэг?

-Одоогоор хуучин үнэлгээгээрээ байгаа. Гэхдээ одоо шинэчилж байгаа байх. Үүнийг Байгаль орчны яам шинэчлэн тогтоодог.

-Хуулийн хэлэлцүүлгийн явцад нөхөрлөлийн журмаар ан амьныг хамгаалах талаар яригдаж байсан. Хууль батлагдахад уг санаа хэрхэн хуульчлагдсан бэ?

-Энэ санаа бол байгаль хамгааллын хуулиудын амин сүнс нь болж байна. Хуучнаар төр хамгаалах нэртэй байсан бол одоо тэнд амьдарч буй иргэд хамгаалахад оролцохоор болсон. Тэр оролцоог нь хуульчилж өгснөөр хуулийн дагуу тодорхой үр шимийг нь хүртэх боломжтой болно. Тэдэнд хамгаалах, өсгөж үржүүлэх үүрэг үүснэ. Тэрнээс биш эзэмшиж аваад агнаад байна гэсэн зүйл биш. Тэнд буй иргэдийг анхаарал, хяналт, оролцоо сайжирна.

-Нөхөрлөлд байгаа хүн өөрийн эзэмшлийн бүсэд байгаа анг агнахад зөвшөөрөл авах юм уу?

-Зохистой ашиглана гэдэг нь хамгаалахын нэг хэлбэр шүү дээ. Нөхөрлөл сүргийн бүтцийг зөв хадгалж, зохистой ашиглана гэсэн үг. Нөхөрлөлд байгаа хүн мөн адил засаг захиргаанаас зөвшөөрөл авна.

-Иргэд хууль бус агнуурын талаар мэдээллэснээр урамшуулал авдаг уу?

-Байгаль орчныг хамгаалах хуулийн дагуу арван хувийн урамшууллыг мэдээлэл өгсөн иргэнд олгох зохицуулалт бий. Ан агнуур чинь байгалийн нөөцдөө багтдаг учир тус хууль үйлчилдэг.

-Өнгөрсөн жилүүдэд шүлхий гарсан гээд цагаан зээрийг мянга мянгаар нь устгасан. Төрийн захиргааны байгууллагын ийм шийдвэрийг энэхүү хуулиар зохицуулах уу?

-Хуучин тиймэрхүү замбараагүй зүйл байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Уг нь тус ажлыг шинжлэх ухааны байгууллага тогтоож дүгнэлтээ хүргүүлдэг. Үүнд нь үндэслээд төр шийдвэрээ гаргадаг. Гэтэл төрийн шийдвэрийг орон нутагт, газар дээр нь гуйвуулдаг зөрчил байсан. Төр иргэдийн харилцан холбоотой, хяналтын тогтолцоо бий болгох энэхүү хууль гарснаар замбараагүй байдал таслагдана.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж