“Баейрн” тэнцэхэд л хангалттай

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“Баейрн” тэнцэхэд л хангалттай

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн ээлжит тоглолтууд энэ үдэш үргэлжлэн явагдана. Францын “Марсель” болон Английн “Манчестер Юнайтед” багийн тоглолт Манчестер хотын “Мөрөөдлийн театр”-т, харин “Интер Милан” болон “Баейрн Мюнхен” багийн тоглолт Германд болно.

“Марсель”-ийн хувьд 1993 онд Аваргуудын лигт түрүүлж байсан. Өнөөдрийн тоглолт “Манчестер Юнайтед” багийн Олд Траффорд цэнгэлдэхэд болох бөгөөд эхний тоглолт Францад болж ямар ч гоол ороогүй юм. Иймээс “Марсель” шөвгийн наймд үлдэхийн тулд гоолтой тэнцэхэд хангалттай. Гэхдээ дасгалжуулагч Дидье Дешам өнөөдрийн тоглолтын фаворитыг талбайн эзэд гэж хэлсэн байна. “Хэрэв та бүхэн статистик үзүүлэлтийг харвал Манчестер Юнайтед талбай дээрээ сүүлийн 27 тоглолтод хожигдоогүй байгаа. Бас тэд Аваргуудын лигт хийсэн долоон тоглолтдоо ердөө ганц гоол алдсан. Тиймээс өнөөдрийн тоглолт амаргүй. Цаасан дээрээс харахад ч тэд дараагийн шатанд үлдэх магадлал илүү өндөр. Гэхдээ бидэнд боломж байгаа. Хөлбөмбөгийг ганцхан статистикаар дүгнэж болохгүй шүү дээ” хэмээн ноён Дешам ярьжээ.

“Марсель” сүүлийн үед Францын лигт боломжийн тоглолт үзүүлж байгаа. Тэд лигтээ хийсэн сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь ялалт байгуулаад байна. Тэд одоогийн байдлаар тэргүүлэгч “Лилле”-ээс дөрвөн оноо дутуу дөрөвдүгээр байрт явж байна. Өнөөдрийн тоглолтын өмнө тэдэнд нэг сайн мэдээ байгаа нь довтлогч Мате Валбуэна эргэн талбайд гарах боломжтой болсон байна. Тэрбээр өвдөгний бэртлийн улмаас эхний тоглолтонд оролцоогүй билээ. Мөн өмнө нь “Улаан чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд тоглож байсан Аргентин хамгаалагч Габриел Хайнц 2007 оноос хойш анх удаагаа Олд Траффорд цэнгэлдэхэд эргэн ирж байна.

Харин “Баейрн Мюнхен”-ий тухайд талбайдаа тэнцэхэд л шилдэг наймд үлдэх боломжтой. Гэхдээ тэд довтолгоо зонхилсон ширүүн өрсөлдөгчид ирсэн гэдгийг сайн мэдэж байна. Одоогийн нөхцөл байдлаар хоёр багийн аль нь фаворит нь вэ гэж асуувал ихэнх нь л “Баейрн Мюнхен”-г нэрлэх байх. Хоёр долоо хоногийн өмнө “Интер”-ийг талбай дээр нь 90 дэх минутад Гомесийн оруулсан гоолын ачаар хожсон. Мөн өнөөдөр 69 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэхдээ тоглоно гээд давуу талууд Германы багт байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр тэд “Альянц арена”-даа “Гамбург”-ийг 6:0-ээр хожиж, “Интер”-ийг хүлээж авахын өмнө үнэнч фанатуудаа халаагаад авсан. Харин “Интер”-ийн хувьд Сери А-д “Брешия”-тай 1:1-ээр тэнцсэн бөгөөд бас л тоглолт дуусах цагтай зэрэгцэн хаалгандаа гоол алдсан байна. “Баейрн”-ы эсрэг Милито гарахгүй болсон ч Эту, Пандев нар тэдний хамгаалалтыг нэвтлэх гэж хүчтэй оролцоно. Мэдээж араас нь хэвлэлийн хурлын үеэр “Бид Байерныг хожно” гэж 100 хувь итгэлтэй хэлсэн Снайдер дэмжих болно. Ямартай ч энэ улирлыг дуусгаад багаасаа гарч байгаа Луй Ван Гааль хоёр тэмцээндээ амжилттай оролцохыг зорьж байна. “Байерн” болон “Интер” багуудын хариуцлагатай тоглолт Монголын цагаар өнөө шөнө 03.45 цагаас эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж