Эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн сурталчилна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөн сурталчилна

Монгол Улсын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс зохион байгуулж байгаа  “Амьдралын зөв хэвшилд алхам алхмаар“ уриатай эрүүл хоол, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах олон нийтийн кампанит ажлын нээлтийг  энэ сарын 17-ны 12.00 цагт “Улаанбаатар” зочид буудлын “Өргөө” танхимд хийх гэж байна.
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй цуврал кампанит ажлын нэг болох энэ ажил нь олон нийтийн дунд эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах замаар 15-64 насны хүн амын дундах халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн өвчлөлийн тохиолдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм байна.

Сүүлийн арван жилд хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дийлэнх хэсгийг зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл эзлэх болжээ. Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, тамхи, архины хэрэглээ байдаг аж. 2009 онд хийсэн судалгаагар Монголд таван эмэгтэй тутмын нэг нь таргалалттай, хүн амын 15-64 насны бүлгийн 39,8 хувь нь жингийн илүүдэлтэй байгаа ажээ.

Дээрх кампанит ажлын явцад эрүүл хооллолт сэдвээр гэрийн эзэгтэй нарт, идэвхтэй хөдөлгөөний чиглэлээр 30-аас дээш насны хот суурин газрын суугаа ажилтай хүмүүст чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн дэх давс, сахар, өөх тосыг бууруулах зорилго бүхий ухуулга, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах аж. Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, томоохон ажлын байрны хоолны газруудыг эрүүл хоолны цэстэй болгох, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах ажил зохион байгуулах юм байна. Кампанит ажлыг энэ оны гурваас зургадугаар сар, арваас арванхоёрдугаар сар, 2012 оны наймаас аравдугаар сар гэсэн гурван үе шаттайгаар  улс орон даяар явуулахаар болжээ.  

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж