Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Марта Ортис де Росас Гомес, Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хернан И.Брантэ, ӨАБНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Бхеки Уинстон Жошуа, Замби Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жойс Мвака Чембе Мусенге нар итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.
 
Ерөнхийлөгч элчин сайд нарыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан хоёр талын харилцааны асуудлаар ярилцлаа. 

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын  хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогынхоо хүрээнд Мексик Улстай боломжтой салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхол, эрмэлзэлтэй байдгийг дурдаад уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт харилцан суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах боломжтой гэж Ерөнхийлөгч элчин сайдад ярив.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд 1971 онд дипломат харилцаа тогтоожээ. Ерөнхийлөгч Чилийн элчин сайдад хоёр талын хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй түүнчлэн боловсрол, аялал жуулчлал, байгаль орчны хамгааллын чиглэлээр өргөжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. 

Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хооронд 1994 онд дипломат харилцаа тогтоосон байна. Ерөнхийлөгч манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт Өмнөд Африк ихээхэн туршлагатайг тэмдэглээд төлөөлөгч харилцан зочилж, бизнес уулзалт зохион байгуулан санал солилцохын чухлыг элчин сайдад дуулгав. Бас НҮБ-ын хүрээнд  хамтран ажиллах хэрэгтэй хэмээгээд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх  хурал Өмнөд Африкт амжилттай болно гэдэгт итгэж байна гэв.
  
Монгол Улс, Бүгд Найрамдах Замби Улсын хооронд 1978 онд дипломат харилцаа тогтоосон байна. Алс хол оршдог ч Монгол Улс тус оронтой хамтран ажиллах сонирхолтойг  Ерөнхийлөгч элчин сайдад хэллээ.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж