Асашёорюүгийн хадам ээж

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Асашёорюүгийн хадам ээж

Бизнесийн салбарын гялалзсан хатагтай нарын нэг энэ бүсгүйг их аварга Д.Дагвадоржийн гэргий Тамирын ээж гэдгээр хүмүүс илүүтэй танина. Энэ зургийг хэдхэн хоногийн өмнө болсон “Grand lady” шилдэг эмэгтэйчүүдийн хүлээн авалт дээр авсныг хэлэхэд гэмгүй байх.

“Ихэр сувд” компаниа удирдахын хажуугаар “Pola” гоо сайхны салон ажиллуулан, амсхийх завгүй хөдөлмөрлөдөг С.Эрдэнэчимэг хатагтай Хосбаяр, Тамир гэж хоёр дэрсхэн охин төрүүлж өсгөсний нэг нь Их аваргын гэргий болох хувьтай байсан юм.

Зах зээлийн хүнд үед хүнсний дэлгүүр ажиллуулан, бизнесийн гараагаа эхэлсэн тэрбээр хэвлэлд өгсөн цөөн ярилцлагынхаа нэгд “Тухайн үед дэлгүүрийнхээ ачигчаас авахуулаад худалдагчаа хүртэл бүх ажлыг өөрөө хийдэг байлаа. Нөхөр төрийн ажилтай, хоёр охин маань жаахан байсан болохоор тэр үед надад туслах хүн байдаггүй байсан. Хоёр тонн ачааг нэг өдрийн дотор ганцаараа буулгаж байсан үе ч бий. Алх бариад хайрцаг хадах энүүхэнд. Хэдийгээр эмэгтэй хүнд ахадсан ажил ч би энэ бүхнийг давж гарах ёстой гэж зүтгэж байснаас сэтгэлээр унаж шантраагүй” хэмээсэн байдаг нь хэр дайчин эмэгтэй болохыг илтгэх үгс юм.

Хүний амьдралд дайрч гарахаас аргагүй тохиолууд олон. Бага охин нь Монголын их аваргын гэргий болсноор хүссэн хүсээгүй хувийн амьдрал нь олны нүдэнд ил болсон энэ гэр бүл “Асашёорюүгийн хадам ээж нөхрөөсөө салжээ” гэсэн дуулианаар хэвлэлийнхэнд хэсэг хугацаанд онилуулж байв. Салалт болсон, үнэн. Их аваргын хадмууд тусдаа амьдарч эхэлсэн. Энэ сенсаацын араас С.Эрдэнэчимэг хатагтайг дуучин Гантулгатай хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл дахин олныг шуугиулсан ч тэдний хэн хэн нь үүнийг үгүйсгээгүй. Яагаад болохгүй гэж. Энэ чинь амьдралд тохиолддог л зүйл шүү дээ.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж