Хятадууд Канад барилгыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хятадууд Канад барилгыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн

Ё.Манлайбаяр: Сычуаньд газар хөдөлсний дараа Хятадууд Канад барилгыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ё.Манлайбаяр Канад улсад ажиллаад иржээ. Тэрбээр канад загварын модон байшинг Монголд барихад тавих стандартыг боловсруулах ажлыг ахалж байгаа аж.

-Канадад нэлээд том хэмжээний чуулган болсон юм байна. Танай­ яамнаас үүнд ямар үүрэгтэйгээр орол­цов?

-Канадын Ванкувер хотноо энэ сарын 3-нд Оюутолгой төсөлд оролцогч талууд цугласан. Манай талаас Оюутолгойтой холбоотой дэд бүтцийн танилцуулгыг хийсэн юм. Мөн гуравдугаар сарын 8-нд PDAC гээд жил бүр болдог уул уурхайн дэлхийн хэмжээний хурал болсон. Энэ хуралд УИХ-ын гишүүд, холбогдох яамныхан очсон. Манайхаас энэ хуралд зориулж павильон ажиллуулж, бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа.

-Та канад загварын модон бай­шингийн   стандартыг Мон­голд нэвт­­рүүлэх ажлыг ахалж бай­гаа. Ер нь канад загварын модон байшин хэр чанартай вэ. Нэг талаараа Японд газар хөдлөлт нүүрлэсэн нь биднийг барилгаа чанаржуул гэж хэлээд байгаа юм шиг санагдлаа?

-Аюулгүй байдал гэхээр их олон зүйлийг ярина. Яахав, газар хөдлөлтөд тэс­вэртэйг нь юугаар нотолж байна гэ­хээр Сычуань му­жид газар хөдлөлт болж нэ­лээд хэ­дэн сур­гуулийн ба­рилга нурж за­рим сур­гуулиас нь нэг ч хүүхэд гарч чадалгүй да­рагдсан гээд мэ­дээ­лэл яваад бай­сан шүү дээ. Угаасаа тэр му­­жид байнга газар хө­дөлдөг юм билээ. Үүнтэй хол­­­боотойгоор Хята­дын Засгийн газ­­рын комисс гарч байнгын га­зар хөдөлдөг бү­сүүд­дээ газар хөд­лөлтөд хамгийн тэс­вэртэй барил­гыг барихаар бол­сон. Ялангуяа сур­гуулиудад нэлээд анхаарсан юм билээ. Тэгээд газар хөдлөлтөд өрт­сөн нэг сур­гуу­лийн суу­рин дээр Канадын талтай хамтраад сургууль барьсан. Уржинан есдүгээр сард ашиглалтад оруулсан юм.

-Өөр ямар давуу талыг нь дурьдах вэ?

-Дулаан хадгалалтаараа дэлхийд тэргүүлдэг барилгуудын нэг. Хана нь 20 см-ийн зузаантай палк байдаг. Гэхдээ 50 см-ийн зузаантай тоосгон ханатай дүйцэхүйц дулаан хадгалах чадвартай.

-Нийслэлд үүнийг нэвт­рүүлэхэд юу саад болж байна вэ. Үнийн хувьд өндөр байдаг юм уу?

-Нийслэлд нэвтрүүлж бай­гаа. Одоогоор 20 гаруй ийм барилга байна. Үнийн хувьд бас ч тийм өндөр биш ээ. Энгийн тоосгон, цементен барилгаас 30 орчим хувиар хямд байдаг. Гэхдээ нийслэл гэхээсээ илүү орон нутагт эхний ээлжинд нэвт­рүүлэхээр ажиллаж байна. Канад байшингийн өндрийн максимум нь дөрвөн давхар байдаг. Харин нийслэлд газар ашиглалт талаас нь аваад үзвэл өндөр байшин барьсан нь илүү ашигтай байх.

-Гэр хорооллын айлууд үүнийг нэлээд сонирхдог юм билээ. Ха­рин үүнээс түрүүнд орон нутагт нэвтрүүлэх гэж байгаа шалтгаан нь юу вэ?

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр дотор “Сумын төв” төсөл гэж батлагдсан. Төслийн үндсэн утга бол хотод гэр хорооллоос болж агаарын, хөрсний бохирдол бий болоод байгаатай холбоотой. Манайхны гаргасан судалгаагаар жилдээ 4-5 сумын иргэнтэй дүйцэхүйц хүн ам нийслэлд нүүж ирээд байгаа шүү дээ. Нэг сум дунджаар гурван мянган хүнтэй гэхээр 16 орчим мянган хүн жил бүр  нийслэлд шилжин ирж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд “Сумын төв” төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон юм. Одоо нийслэлд 100 мянган айлын орон сууц төсөл хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хотод хэчнээн олон орон сууц барина хөдөөнийхөн наа­шаа ирэх нь нэмэгдэнэ л гэсэн үг. Энэ их шилжилт хөдөлгөөнийг зогсоож чадахгүй ч багасгаж болно. Тий­мээс л сумын төвүүдийн дэд бүт­цийг сайжруулж канад загварын байшинг барьж эхлэхээр болоод бай­гаа юм. Эхний ээлжинд 96 сумыг шинээр барина.

-Үр дүнтэй ажил болж чадах болов уу?

-Иргэд сум орон нутгаа орхиод нийслэлд ирж байгаад нь хэд хэдэн шалтгаан бий. Бидний хийсэн су­дал­гаагаар хамгийн түрүүнд ажил­гүйдэл энэ их шилжилт үүсэх шалтгаан болж байгаа. Мөн сур­гууль, цэцэрлэг, үйлчилгээний бай­гууллага байхгүйгээс болж бай­гаа. Нэг сумын тө­вийг барихад ойролцоогоор 100 аж­лын байр бий болно. Сумыг ин­гэж босгохдоо тухайн орон нут­гийн иргэдийг л ажилд авахаар зохицуулъя гэж ярьсан. Иргэд нь Канад загварын модон барилгыг барихад мэргэшчихвэл зөвхөн сумын төвийнхөө хэдэн байшингаар зог­сохгүй шүү дээ. Орон сууц өөр төр­лийн барилга байшингуудаа бариад эхэлнэ. Ажлын байрыг нь тэнд бий болгоод өгчихвөл томоохон дэвшил болно. Мөн сургууль цэцэр­лэгийн барилгаа яг канад стандартаар нь бариад байвал сумын сургуулиуд нийслэлийнхээсээ ч илүү болно. Нэг сумд ойролцоогоор 6-7 сая ам.доллар хэрэг болох байх. Ер нь сумын төвүүдэд хэдхэн байшин барихдаа гол биш. Тэр бүс нутгуудыг тосгон болгох зорилготой байна. Хойд Америк, Европын тосгонууд байдаг даа. Түүн шиг болгохыг зорьж байгаа.

-Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Энэ хавраас эхэлнэ гэж тооцож байна. Сумыг шинээр барина гэ­дэг чинь орон сууц барина гэсэн үг биш. Сумын төв дээр байгаа тө­рийн үйлчилгээний газруудын бай­рыг барих юм. Цэцэрлэг, сур­гууль, эмнэлэг, соёл спортын төв, захиргааны барилгуудыг барина.  Технологийн хувьд хямдхан бөгөөд дулаан алдалт багатай материалаар барилга барих нь чухал. Канадын талтай сүүлийн гурав, дөрвөн жилийн турш ярьж байна. Модон барилгынх нь стандартыг монголд хөрвүүлээд ашиглаж байна. Орон сууцных нь стандартыг бол бүр хэдэн жилийн өмнө нэвтрүүлсэн. Одоо сургалтын прог­раммыг нь нэвтрүүлж байна. Саяхан ШУТИС-ийн багш нарыг сургасан.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж