Иргэд 100 мянга хүртэлх төгрөг хандивлаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Иргэд 100 мянга хүртэлх төгрөг хандивлаж байна

Дэлхий даяар цунами, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах аяныг өрнүүлж байгаа. Манай улсын иргэд ч тус улсын ард иргэдэд өөрийн чадах бүхнээр туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа юм.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд тусламж хүргүүлэх хандивын аяны нээлтийг уржигдар зохион байгуулсан билээ. Өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буй хандив цуглуулах аян энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм байна. Хандивын аян дууссаны дараа Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн төв дээр  аймаг, дүүргийн салбаруудын цуглуулсан мөнгөн, болон эд материалын хандивыг  нэгтгэн, Японы ард түмэнд хүргэх аж. Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд хандивын аян өрнүүлж байгаагаас тус нийгэмлэгийнхэн хамгийн өргөн цар хүрээтэй удаан хугацаанд үргэлжлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. 

Улсын их дэлгүүрийн өмнө байрлаж буй Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Чингэлтэй дүүргийн салбарын хамт олонтой өчигдөр уулзсан юм. УИД-ийн өмнөх талбайд асар барин байрласан тус нийгэмлэгийн гишүүд хоёр хайрцганд хандивын мөнгө цуглуулж байгаа ажээ. Биднийг 15.00 цагийн үед тэнд очих үеэр хандив өгсөн иргэдийн тоо 86 болсон бөгөөд шилэн савны талыг гүйлгээнд  байдаг бүхий л мөнгөн дэвсгэрт эзэлсэн байлаа.

Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн Д.Шаравсамбуу:

-Манай дүүргийнхэн хүн ам хамгийн олон цуглардаг УИД-ийн өмнөх талбайд хоёр дахь өдрөө хандив цуглуулж байна. Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй гэдэг нь эндээс харагдаж байна. Өчигдөр /уржигдар/ нийт 200 шахам хүн мөнгө, эд материалын хандив өгсөн. Нэг хүн 150 ширхэг хөнжил авчирч өгсөн. Бас нэг настай эмэгтэй 100 мянган төгрөг өгөх жишээтэй. Хүмүүс ихэвчлэн 1000-аас 20 мянган төгрөгийн хандив өгч байгаа. Хүний туслалцаа гэдэг багаддаггүй. Тухайн өдөр цуглуулсан хандиваа лацдаад хадгалж байгаа юм. Бас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, байгууллагуудаас ч гэсэн цуглуулж байна.

Биднийг түүнтэй ярилцан зогсох зуур нэгэн настай эмэгтэй Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгийн арга зүйч Ш.Будхандад тортой зүйл хүлээлгэн өгсөн юм. О.Жаргалсайхан гуай гамшигт нэрвэгдсэн Япон улсын хоёр охинд Улаан загалмайн нийгэмлэгийнхнээр дамжуулан гутал өгч байгаа нь энэ. Тэрбээр өөрийн өгсөн зүйлээ чамлаж байгаагаа ч нуусангүй. “Яана аа. Эгчид нь харин мөнгө байдаггүй. Чийглэг, хүйтэн газар гэж дуулаад гэрт байсан хоёр шинэ гутлаа авч ирлээ” хэмээсэн юм.

Энэ мэтчилэн монголчууд гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах аяныг зохион байгуулж байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагуудын 80 төлөөлөгч өчигдөр өөрсдийн зүгээс ямар туслалцаа үзүүлэхээ хэлэлцсэн юм.  Тус байгууллагаас гишүүн байгууллагуудаасаа хандив цуглуулах аяныг маргаашийг хүртэл өрнүүлэх ажээ.  МҮХАҮТ-ын мэргэжилтэн Т.Золбоот  “Одоогийн байдлаар 70 гаруй сая төгрөгийн мөнгөн тусламж цуглараад байна. Хандивын аян нийт гурван өдөр үргэлжлэх болохоор бизнес эрхлэгчдийн зүгээс Японы ард түмэнд өгөх мөнгөн  тусламжийн хэмжээ нэмэгдэнэ гэдэгт найдаж байгаа. Түүнчлэн одоогийн байдлаар 20 гаруй сая төгрөгийн эд материал цугларсан. Ноос, ноолуур, нэхмэл эдлэл, хөнжил, хүнсний бүтээгдэхүүнийг хандивласан” хэмээлээ. Тус газраас бэлэн мөнгөний тусламжийг Монгол Улсад суугаа Япон улсын Элчин сайдын яам болон “Жайка” байгууллагаар дамжуулан Япон улсын талд шилжүүлэх бол эд материалыг энэ долоо хоногт багтаан онгоцоор хүргэхээр төлөвлөж байгаа юм байна.

Монгол Улсаас Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” холбооноос хандив цуглуулах аяныг өрнүүлж байгаа ажээ. Мөн  хэд, хэдэн байгууллага, урлаг, спортынхныг нэгтгэсэн  “Сайхан сэтгэл Үндэсний хөдөлгөөн”-өөс уржигдар гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулж зул хөөргөх үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тус хөдөлгөөнөөс Төв талбай дээр зул хөөргөх ёслолын үеэр 400 ширхэг зул худалдсан аж. Хөдөлгөөнийхний хэлж буйгаар иргэд нэг зулыг 10-аас 200 хүртэлх мянган төгрөгөөр худалдан авчээ. Энэ үеэр нийт 14 сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан аж. Тэдэнтэй өчигдөр холбогдоход “Бид өнөөдөр /өчигдөр/ төрийн байгууллагуудаар явж хандив цуглуулж байна. Байгууллагууд идэвхитэй оролцож байгаа. Түүнчлэн сургуулийн хүүхдүүд ч эд материалын тусламж өгөх зэргээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Хандиваа нөгөөдөр /маргааш/ Гадаад харилцааны яаманд хүлээлгэн өгнө. Энэ хугацаанд 20 сая төгрөг цугларах байх гэж найдаж байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад Япон улсын иргэдэд сэтгэлийн болон, эд материалын тусламж үзүүлэх тухай уриалга гаргасан билээ. Манай сонинд  тус улсын иргэдэд туслах аяныг өрнүүлж байгаа талаарх мэдээлэл төрийн байгууллагуудаас ирсээр байна.

Сангийн яамны ажилчид хоёр өдрийн цалингаа хандивлажээ. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Гадаадад ажиллах хүч илгээх төв зэрэг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэг өдрийн  цалин буюу нийт 10 сая төгрөг  хандивласан хэмээн мэдээллээ. Түүнчлэн Цөмийн энергийн газрын ажилчид ч мөнгөн тусламж үзүүлсэн аж. Тус газрын дарга С.Энхбат “Манай газрын хамт олон Монгол Улсын Засгийн газраас гаргасан уриалгыг дэмжин хоёр өдрийнхөө цалинг хандивлалаа. Японы хөдөлмөрч ард түмэн энэ үеийг богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж